Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дах заалт, Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.7 дах заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр шинээр баригдсан Спортын ордны хойд талд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд нэрийн дор орон сууц, үйлчилгээний зориулалтаар холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 286 тоот захирамжийн Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт, уг газрын эрхийг “Ди Би Ай” ХХК, “Хоум плаза” ХХК-д шилжүүлэн        Буянт-Ухаа хорооллын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдахаар төлөвлөгдөж буй авто замын өргөтгөл шинэчлэлийн трассад оруулж  эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/243 дугаар захирамжийн “Ди Би Ай”  ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дугаар захирамжийн “Хоум плаза” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

           

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                       Э.БАТ-ҮҮЛ