Хөрөнгө оруулалтын ажлын зориулалтыг өөрчлөх тухай

2012-10-03 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2012 оны “Төсвийн  зориулалтыг өөрчлөх тухай” 21 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үүднээс эвдрэл ихтэй замуудад урсгал засвар хийхэд шаардагдах 300,0 /гурван зуун/ сая төгрөгийг Зам барилгын ажлын шинэ технологи, аргачлалын туршилтын хөрөнгөөр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

   2.Урсгал засвар хийх замуудын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

   3. Батлагдсан төсөл, арга  хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох
хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т даалгасугай.

   4. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т тус тус  даалгасугай.

   5.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2012 оны А/167 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтын  1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---