Газар хамгаалах, газартай холбогдон үүссэн зөрчлийг таслан зогсоох, арилгах зарим арга хэмжээний тухай

2012-10-01 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын     тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дахь хэсэг, 56.5 дахь хэсэг, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолыг  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн, ашиглуулсан, өмчлүүлсэн болон Улсын тусгай хэрэгцээнд авснаас бусад газар буюу нэгдмэл сангийн үндсэн болон дэд ангилалын зориулалттай  340.504.628 /гурван зуун дөчин мянга таван зуун дөрөв, зургаан зуун хорин найман/ га газрыг  хамгаалах чиг үүргийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т хариуцуулсугай.

   2. Төрийн өмчийн газрыг хамгаалах чиг үүргийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцах болсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 436 дугаар захирамжаар батлагдсан тус газрын дүрэмд орох нэмэлтийг хавсралтаар баталсугай.

   3.  Захирамжийн хэрэгжилтийг  зохион байгуулах дараах арга хэмжээг 2012 оны 4 дүгээр улиралд багтаан авч, тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Нийслэлийн Газрын алба /н.Батсайхан/-д даалгасугай.

   3.1 Нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т

   3.1.1.Хамгаалалтанд авсан газрын хил заагийг тэмдэглэх, кадастрын зургийг зохих байгууллагаар үйлдүүлж, газрын улсын бүртгэлд бүртгүүлэх;

   3.1.2. Хамгаалалтанд авсан газарт дохио, санамж тавих, хашаа хайс татах,  шаардлагатай тохиолдолд сахиул ажиллуулах.

   3.1.3 Эрх бүхий холбогдох байгууллагуудтай хамтран газрын хууль тогтоомжийн зөрчил гаргасан этгээдэд мэдэгдэл, шаардлагыг өгөх, зөрчлийг арилгах үүднээс газар албадан чөлөөлөх арга хэмжээг хуулийн дагуу авах.

   3.2 Нийслэлийн Газрын алба /н.Батсайхан/-д .

   3.2.1 Газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчид зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг нэмэгдүүлэх, хашаа, хайс, барилга байгууламж барихгүй байх үүргийг тэдгээрийн газрын гэрээнд нэмэлт,өөрчлөлт байдлаар оруулах;

   3.2.2. Газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчид өөрийн хил хязгаараас гадагш 50 метр газарт тохижилт, цэвэрлэгээ тогтмол хийж байх үүргийг тэдгээрийн газрын гэрээнд нэмэлт өөрчлөлт байдлаар оруулах.

   4. Газрын зөрчлийг таслан зогсоох, арилгах явцад нийтийн хэв журам хамгаалах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /н.Батжаргал/-т даалгасугай.

   5. Хамгаалалтанд авсан газрыг энэ захирамжийн 3.1-т заасан арга хэмжээ авахад шаардагдах зардлыг газар хянан баталгааны зардлаас гаргахыг Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

   6 Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---