Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2010-09-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 14.1, 26.1, Улсын онцгой комиссын 2010 оны 14 дүгээр хурлын тэмдэглэлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Мал, амьтны гоц халдарт шүлхий өвчин Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсантай холбогдуулан 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албадыг Өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй.

Хоёр. Өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах хуулийн дагуу гамшгаас хамгаалах албадын төлөвлөгөөнд тодотгол хийж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т үүрэг болгосугай.

Гурав. Уг өвчин зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлж, Багануур, Багахангай, Налайх дүүргээр дамжин өнгөрдөг улсын чанартай төв замуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн пост нээн ажиллуулах, мал бүхий иргэдийн малд эрүүл мэндийн үзлэг тандалт, оношлогоо шинжилгээ хийхийг нийслэлийн Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Цагдаагийн газар /С.Баатаржав/, Онцгой байдлан газар /Х.Батбилэг/, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

Дөрөв. Өдөр тутмын бэлэн байдлын дэглэмийн хэрэгжилт, өвчний үзлэг тандалт, ариутгал халдваргүйжүүлэлтэд хатуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т тус тус үүрэг болгосугай.

Тав. Малын гоц халдварт шүлхий өвчний ариутгал халдваргүйтгэл болон гарсан зардлыг гүйцэтгэлээр гаргаж, Улсын онцгой комисс, Сангийн яаманд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР