Дэглэм тогтоох тухай

2009-11-09 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын "в", 29.1.6-ийн "л" заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 333 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2009 оны 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Томуугийн А хүрээний Н1N1 вирусээр үүсгэгдсэн халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүнсний худалдааны төв, дэлгүүр, супер маркет, мухлаг, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг 21.00 цагаас хойш зогсоож, гудамж талбайн ил задгай худалдааг хориглон хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс /Ж.Долгормаа/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Цагдаагийн газар /С.Баатаржав/, Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Хоёр. Нийслэлийн авто техникийн шалган бүртгэх товчоогоор орж гарч байгаа иргздийн эрүүл мэндийн байдалд асуумж, судалгаа хийж, суудлын автомашинд ариутгал, халдваргүйтгэл хийсний дараа хөдөлгөөнд оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/, Авто замын газар /Д.Од/, Замын Цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Цагдаагийн газар /С.Баатаржав/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Томуугийн А хүрээний Н1N1 вирусээр үүсгэгдсэн халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР