Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2009-11-04 00:00:00

Нэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт Олон улсын дүрмээр зохицуулагдах халдварт өвчин болох А хүрээний /H1N1/ вирусээр үүсгэгдсэн халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, цуглаан, соёл урлаг, спортын арга хэмжээ, Нарантуул, Хархорин захын барааны хэсэг, техникийн Да хүрээ, Цахлай, Өгөөмөр захын үйл ажиллагааг 2009 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоосугай.

Хоёр. Уг халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй хүмүүст /байнгын асаргаа, хэвтэрт байдаг, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, олон хүүхэдтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болон орон гэргүй иргэд/ биеийн эсэргүүцэл сайжруулах аарц, жимс зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн олгох асуудлыг холбогдох яамд, агентлагуудтай хамтран зохион байгуулах бэлтгэл хангахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /Д.Энхбаяр/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс /Ж.Долгормаа/, Халамжийн үйлчилгээний газар /М.Уламбаяр/, Эрүүл мэндийн газар /Ц.Ганхүү/ /, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

Гурав. Нийслэлийн шалган нвтрүүлэх товчоогоор орж, гарч буй авто тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйтэлийн ажлыг зохион байгуулж, зорчигчдын эрүүл мэндэд үзлэг хийж, халдвараас сэргийлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Авто замын газар /Д.Од/, Цагдаагийн газар /С.Баатаржав/, холбогдох дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дөрөв. Эмийн сангаар үйлчлүүлж байгаа иргэдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах баг гаргахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Ц.Ганхүү/ , Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т даалгасугай.

Тав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР