Дэлхийд танигдсан “Night of Modern ” Монголд

2014-07-03 00:00:00
‘’Найрсаг Улаанбаатар’’ аяны зун цагийн нээлтийн ажиллагаа алс холын АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлоочдын модерн бүжгийн тоглолтоор эхлэх гэж байна. Тоглолтыг “Монголын балетын хөгжил сан” Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран  зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчиддээ хүргэх юм.  Мөн оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги, хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх энэхүү тоглолтонд МУГЖ Д.Алтанхуяг, Бостон балет компанийн гоцлоочдын хамтаар оролцоно. “Night of Мodern” тоглолт 7 сарын 4-ний өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял театр,  ОХУ-ын Болшой театр,  Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригдан бүжих балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг ийнхүү Монголчууд эх орондоо үзэх боломжтой боллоо. Тоглолтын тасалбарыг  Улсын дуурь бүжгийн эрдийн театрийн кассаар худалдаалж байгаа юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилах хэлтсээс мэдээллээ.