Хотын захиргаа цахилгаанаар ажилладаг машиныг туршилтаар ашиглана

2014-07-02 00:00:00
Өнөөдөр Япон Улсын Мицүбүши моторс корпорациас 2 цахилгаан машиныг нийслэлд хандивлалаа.  Энэ машин нь 100 хувь цахилгаанаар ажилладаг  бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай юм байна. Мицүбүши моторс корпорацийн ахлах сургагч Цитому Хагивара цахилгаан машины хүчин чадал, хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгөх үеэрээ “Энэхүү машин зөвхөн байгаль орчинд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд маш их хэмнэлт авчирдаг. Тодруулал,  2011 онд Японд болсон аймшигт цунамигийн үеэр гамшигт нэрвэгсэдэд туслах  тээврийн хэрэгсэл нь бидний цахилгаан машин байсан юм.  Хорт утаа ялгаруулахгүй, агаарын бохирдолд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, байгаль орчинд ээлтэй,  дуу чимээ бага, ердийн болон хурдан гэсэн 2 төрлийн цэнэглэгч суурилуулсан гэх мэт олон давуу талтай”  гэж онцлож байлаа. 

Хэрэв туршилтын автомашин нь  үр дүнгээ өгвөл хотын захиргаа Япон Улсын Мицүбүши Моторстой 100 хувь цахилгаан машин нийлүүлэх тал дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Хандиваар өгсөн машиныг НЗДТГ болон Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар албан хэрэгцээндээ ашиглана  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.