Нийслэлийг хогноос салгахад хувь нэмрээ оруулж буй америк оюутан

2014-05-13 00:00:00
Нэгэн гадаад эмэгтэй ний­тийн үйлчилгээний “Улаан­баатар” нэгтгэлд цалин хөлсгүй сайн дураараа ажиллаж, гудамж талбай цэвэрлэж байгаа зураг хэдхэн хоногийн өмнө твиттер, фейсбүүк хуу­дас­наа нийтлэгдсэн билээ. Энэхүү зургийн дор “Бидний тарьсан хогийг цэвэрлэх гэж гадаадынхан ирдэг болж”, “Өөрсдийн тарьсан хогоо гадаадын иргэдээр цэвэр­лүүлэхээсээ ичихгүй байна уу”, “Өөрсдийнх нь амьдардаг хотоос тэс өөр, хог новш, шо­роондоо дарагдсан Улаан­баатар хотыг хараад сэтгэл нь өвдсөндөө хүрз, шүүр ба­риад цэвэрлэгээ хийж байхад нийслэлчүүд бид нэгийг бод­моор л юм” гэхчилэн сэтгэгдлүүд хөвөрнө. Ихэнх нь л өөрсдийнхөө заваан, залхууг гайхацгааж, сайн дураараа цэвэрлэгээ хийж байгаа эмэг­тэйг магтжээ. Америкийн их, дээд сургууль, коллежийн оюут­нууд хамрагддаг “World learning” хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Ази Номхон далай, Латин Америк, Европын 60 гаруй оронд гурван сарын хугацаанд амьдарч, хэл соёл, зан заншил, ахуй амьдралтай нь танилцдаг юм байна.
Нийтийн үйлчилгээний “Улаан­баатар” нэгтгэлийн ажилч­­дын хувцас өмсөн гу­дам­­жинд хог шүүрдэж буй зур­гаараа бидний эчнээ та­нил болсон түүнийг Жесси Берка гэдэг Америкийн “Bates” коллежид биологи, орчны судалгааны чиг­лэлээр суралцдаг аж. Жес­си Берка “World learning” хөтөлбөрт хамрагдан, өн­гөр­сөн хоёрдугаар сард Мон­голд иржээ. Хамгийн гол нь өөрийн суралцаж буй чиг­лэлийнхээ тухайн улс оронд эрдэм шинжилгээ, су­дал­гааны ажлуудыг хийж болд­­гоороо давуу учраас Америкийн оюутнууд идэвхтэй хамрагддаг болохыг “World learning” хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газрын зохицуулагч Я.Ариунбаатар онцлов. Тэрээр “2000 оноос “World learning” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 700 гаруй америк оюутан Монголд ирж, бидний ахуй нөхцөлтэй танилцаж байсан. Тэд ирсэн даруйдаа сар гаруйн хугацаанд монгол айлд амьдарсан. Харин саяхнаас өөрсдийн сонирхсон чиглэлээр практик судалгааныхаа ажлыг эхлүүлсэн. Жилд хоёр удаа буюу хавар, намар гадаад оюутнуудаа хүлээн авдаг. Энэ хавар хөтөлбөрийн хүрээнд Америкийн найман оюутан эх оронд маань ирсэн. Түүний нэг нь Жесси Берка. Бусад оюутнууд нь өөр өөрсдийн суралцдаг чиглэл, хүсэл сонирхлын дагуу дадлагын ажлаа хийж байгаа. Тухайлбал монгол бичигтээ хандах хандлагыг нэг нь дагнан судалж байгаа бол нөгөө нь дэлхийн дулаарал, цаг уурын асуудлаарх казах хүмүүсийн үзэл бодол, түүх, дурсамжийг судлахаар Баян-Өлгий рүү ч явсан” гэсэн юм.
Жесси Беркаг 25 дугаар эмийн сангийн автобусны ойролцоо цэвэрлэгээндээ гарсан гэдгийг сонсоод тийш хөдөллөө. Биднийг очтол тэр замын хажуугийн хогийг шүүрдэж байв. Харин түүнтэй хамт ажиллаж буй эмэгтэй зам дагуух моддын эргэн тойрон, явган хүний зам дээрх хогийг цэвэрлэж байлаа. Цас бударсан нэлээн зэврүүн өдөр байсан хоёр гурван давхар ноосон цамцтай, өвлийн гуталтай, гартаа зузаан гэгчийн хар бээлий өмссөн тэрээр хүйтнийг ажралгүй ажлаа амжуулж харагдав.
Түүн­тэй ярилцах хүсэл­тэй байгаагаа хэлтэл “Аж­лын цагаар болохгүй. Тарсны дараа ярилцаж болно” гээд халгаадаггүй. Зам талбай хариуцсан мастер О.Эрдэнэбаяраас зөвшөөрөл авсны эцэст түүнтэй хэсэгхэн хугацаанд ярилцлаа.
         
-Наашаа ирэхдээ сур­гуулиасаа чөлөө авсан уу?
-Тийм ээ. Коллежоосоо нэг семестрийн чөлөө авсан. “World learning” хөтөлбөрт хамрагдан Монголд ирсэн. Энэхүү хөтөлбөрийн талаарх мэдээллийг сонссон даруйдаа бүртгүүлсэн л дээ. Өөрийн суралцаж буй чиглэлийнхээ дагуу гадаадын улс оронд судалгаа хийх боломж олгодог нь надад маш их таалагдсан. Гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 5 хүртэл Улаанбаатарт эгэл жирийн монгол айлд амьдарсан. Дунд нь Баянхонгор аймагт малчин айлд 10 гаруй хоносон.  
-“Улаанбаатар” нэгтгэлд хэзээ­нээс ажиллаж эхэлсэн бэ. Хөтөлбөрийн чинь нэг хэсэг үү?
-Тийм ээ. Би биологи, орчны судалгааны чиглэлээр су­ралц­­даг учраас Улаанбаатарт амьдарч байх хугацаандаа орчны бохирдол нь тулгамдсан асууд­луудынх нь нэг болохыг мэд­сэн. Тиймээс орчны гу­дамж талбай цэвэрлэгээнд тулгардаг хүндрэлтэй асууд­лууд, нэгтгэлийн ажилчдын хөдөлмөрийн иргэд хэр үнэл­дэг, ихэвчлэн гудамж, авто зам дагуу ямар төрлийн хог хаягдал давамгайлдаг зэргийг судлахаар болсон юм. Үүнийг дэргэдээс нь бус дотор нь орж ажиллаж, зовлон жаргалыг нь биеэр мэдрэх болсондоо маш их баяртай байна. Өг­лөө­ний долоогоос 17 цаг 30 минут хүртэл ажилладаг. Дун­даа хоёр цагийн цайны завсарлагатай. Долоо хоногт нэг өдөр амарна. Америкт булан тохой бүрт хогийн сав байдаг бол Улаанбаатарт тэр бүр байдаггүй. Хотын төв хэсгээрээ хангалттай олон хогийн савтай мөртлөө зах руугаа тийм ч олон биш. Бас нилээд олон нь эвдэрсэн байсан. Угаас хогийн сав нь хүрэлцээ муу байхад дээрээс нь нэмж эвдэлж, сүйтгэж болохгүй шүү гэж улаанбаатарчуудад хэлмээр байна.
-Гудамж талбайн цэвэр­лэг­чээр хагас сар цалин хөлсгүй ажиллаж байгаа гэж дуулсан. Хэрэглээнийхээ мөнгийг яаж зохицуулж байна?
-Хөтөлбөрт хамрагдахын тулд тодорхой хэмжээний төл­бөр төлсөн л дөө. Түү­ний­хээ тодорхой хувийг амь­жиргаандаа зарцуулж байгаа. Тэгээд ч энэ хөтөлбөр тухайн орны зан заншил, орчин нөхцөлтэй танилцаж, мэдлэг, туршлагаа дээшлүүлэх ёстой болохоос ажил хийж мөнгө олох хөтөлбөр биш шүү дээ. Бидэнд бол судалгааныхаа ажлыг л үр дүнтэй сайн хийх нь л чухал болохоос цалинтай эсвэл үнэ хөлсгүй ажиллах эсэх нь чухал биш.  Авто зам дагуу тамхины иш, чүдэнз, пивоны лааз л их байх юм даа.
-Ирэхийнхээ өмнө Мон­голыг хэрхэн төсөөлж байв. Төсөөлөл бодит байдал хоёр хэр зөрүүтэй байна даа?
-Америкт байхдаа Мон­гол орныг эзгүй тал, уул толгод, морь унасан хэдэн хүнээр төсөөлж байсан. Яг л Америкийн индианчууд шиг. (инээв) Гэтэл Улаанбаатар хотод ирсэн чинь энэ төсөөлөл маань орвонгоороо эргэсэн. Өнөдөр өндөр барилгууд, гудамж дүүрэн орчин үеийн гоё ганган машинууд, брэндийн хувцасны их дэлгүүрүүд, интернэт гээд л ... Бас гудамж талбай цэвэрлэж байгаа хүнд их элэгсэг дотно ханддаг юм билээ. Надад бүр бага ангийн сурагч ундаа авч өгсөн шүү. Тэр англи хэл судалж эхлээд хэдхэн сар болж байгаа хэрнээ мундаг ярьж байсан. “Таны ам цангаж байна уу?. Би ундаа авч өгье” гээд англиар маш цэвэр дуудлагатайгаар ярьсан. Ер нь монголчууд хэл сурах өндөр авьяастай санагдсан. 
-Хэзээ нутаг буцах вэ?
-Хоёр сарын дараа.
-Үлдсэн хугацаандаа юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Хөдөөгийн онгон зэлүүд байгалиар аялах төлөвлөгөөтэй байгаа. Өмнө нь Мадагаскар болон Африкийн зарим орноор аялж, байсан. Гэхдээ Монгол шиг байгалийн үзэсгэлэн цогцолсон газраар тэр бүр аялж байгаагүй. 
Тэрээр цахим ертөнцөд өөрийнх нь зурагны дор ямархуу сэтгэгдлүүд давам­гайлж байгаагаа надаас аминч­лан асуусан юм. “Өөрийн чинь талаар эерэг сэтгэгдлүүд ар араасаа цуварсан байна лээ. Бас монгол залуусаа та нарын тарьсан хогийг гадны оюутан эмэгтэй ямар ч үнэ хөлсгүйгээр цэвэрлэж байгаад сэтгэл тань эмзэглэхгүй байна уу гэх сэтгэгдлүүд давамгайлж байсан” гэвэл “Сайхан мэдээ дуулгасанд үнэхээр их баяр­лалаа. Би улам хичээх болно” гэсээр ажилдаа гарсан юм.
М.Ууган-Эрдэнэ