Нийслэлд 84 байршилд давхар зогсоол байгуулах боломжтой

2014-04-17 00:00:00

 Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа авто зогсоолыг сүүлийн үеийн дэвшилт технологи ашиглан шийдвэрлэх боломжийг судлан зарим байгууллага нэвтрүүлэхээр захиалга авч байгаа. Тухайлбал “Энканто” гэх компани 64 машины давхар зогсоол барих аж. Тэр зогсоол нь нэлээд өндөр үнэтэй ч хүмүүс захиалаад дуусаж байгаа гэсэн. Үүнээс үзэхэд автомашины зогсоол иргэдэд чухал хэрэгтэй гэдэг нь харагдаж буй.

Нийслэлд өнөөдөр иргэд дулаан, эсэх нь мэдэгдэхгүй тоосгон гараашт автомашинаа тавьж байна. Тиймдээ ч I, III, IV, X хорооллын араар тоосгон олон гарааш барьсан. Зөвхөн дээрх хорооллуудаар ч тогтохгүй, орон сууцны зарим хороолол, сургууль, цэцэрлэгийн орчимд маш олон гарааш бий. Гэвч энэ гараашууд орчиндоо тийм ч сайхан харагддаггүй, зохицдоггүй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.

Тоосгон гараашийн орчмоор ойрхон явахын аргагүй,үнэр танар нь хамар сэтэлчихмээр байдаг. Тоосгон гараашийн орчимд бие засаж, архичид орогнодог. Ийм газар нийслэлд 130 гаруй байдаг гэсэн судалгаа бий. Түүний 84-ийг нь нураах мэдэгдэл өгч, газрыг нь чөлөөлөхөөр болоод буй гэсэн. Харин энэ ажил гарааш эзэмшигчдийн эсэргүүцэлтэй тулгарч буй гэсэн мэдээлэл ч байна.

Зарим хүн гараашаа хамгийн хямддаа 1-2 сая төгрөгөөр худалдаж авсан байдаг бол өнөөдөр тоосгон гараашуудын үнэ 10-15 сая төгрөгт хүрээд буй гэсэн. Гэвч гарааш эзэмшигчид өнөөдөр газар эзэмшиж ашигласны татвар төлдөггүй, газрын гэрчилгээгээ хаана байгааг мэдэхгүй яваа тохиолдол ч байна. Ийм гараашуудыг хүчээр буулгахад болохгүй гэх газаргүй. Нийслэл газраа мэдэж, төрийн, нийтийн эзэмшлийн талбайгаа чөлөөлж, оронд нь орчин үеийн, шаардлага хангасан зогсоол барихад яагаад болохгүй гэж. Ийм 1-2 газрыг чөлөөлүүлж, эко автозогсоол байгуулах төслийг “United top assets” группийн залуус санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Тэдний төслийн гол зорилго нь бага зайд олон машин багтаах. Тус группийн ерөнхийлөгч Б.Гүррагчаа “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод зогсоол хамгийн эрэлттэй байгаа таван байршилд бүрэн автомат автозогсоол байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл болгож Хан-Уул дүүргийн II хорооны 31 дүгээр байрны урд талбайд 64 автомашины багтаамжтай загвар зогсоол байгуулах ажилдаа ороод байна” гэлээ.

Тэд зөвхөн автозогсоол байгуулаад зогсохгүй, тэр зогсоолдоо хогийн цэг, бие засах газрыг хамтад нь байгуулж, Улаанбаатар хотын өнгө үзэмжид хувь нэмэр оруулахыг зорьж байгаа аж. Тэдний байгуулахаар төлөвлөсөн автозогсоолын одоогийн талбай нь 100 ам метр. Тэр ил зогсоолд ердөө зургаахан автомашин тавьдаг аж. Харин “United top assets” группийн залуус орчин үеийн дэвшилт технологи ашиглан энэ бага зайд 64 автомашин багтаах боломжтой гарааш, нийтийн бие засах газар, хогийн цэгийг хамтад нь хийхээр зураг төслөө гаргажээ. Энэ зай бол “Сити тойлэт” гэх нийтийн бие засах газраас нэг их томгүй гэсэн үг. Яаж тэр олон машиныг багтаах талаар Б.Гүррагчаа “Бид БНСУ-ын “Самжунг тех” компанитай хамтран ажиллаж, дэлхийн дэвшилт технологийг экологи, байгаль орчинтой хослуулан хамгийн бага зайд олон машин зөв байрлуулах автомат давхар зогсоол барихаар төлөвлөсөн. Энэ 64 машины зогсоолыг газраас дээшээ, төмөр каркасаар угсарч барина. Газрын гадаргаас доош ордог автомат зогсоолыг хийхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.

Тус группийн нэвтрүүлж буй технологи нь хүний цаг завыг ч хэмнэх юм байна. Зогсоолын үүдээр машинаа оруулж, шилжүүлэгч тавцанд байрлуулахад цахилгаан өргүүрээр өргөж, гараашийн сул зайд тавьдаг. Ингэхдээ цааш харуулж оруулсан бол гаргахад нь эвтэй байдлаар машиныг нь сууриар нь эргүүлж, гараашийн хаалга руу жолоочийг харсан байдлаар байрлуулах юм байна. Харин гараашийн гадна талд хогийн цэг, бие засах газар байгуулахын зэрэгцээ тухайн орчныг цэцэрлэгжүүлж ногоон буюу эко орчныг бүрдүүлэх аж.

“United top assets” группийн залуусын санаачилсан ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаныхан дэмжихээ илэрхийлээд буй гэсэн. Харин газар чөлөөлөх ажил удаашраад байгаа юм билээ. Хэрэв Улаанбаатар хотод байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй 100 гаруй байршилд буй тоосгон гараашуудыг буулгаж оронд нь ийм автозогсоол байгуулбал Улаанбаатар хотын түгжрэл багасч, өнгө үзэмжид ч бодит хувь нэмэр болох нь дамжиггүй. Үнийн хувьд ижил төрлийн бусад зогсоолоос хямд байх юм байна. Тодруулбал, нэг машины зогсоол 15 сая төгрөгт багтахаар төлөвлөж буй гэсэн. Магадгүй тоосгон гараашаа буулгаж, нийслэлийн мэдэлд газраа шилжүүлсэн иргэнд зогсоолын үнийг 50 хүртэл хувиар хөнгөлж өгч болох гэнэ. Тиймээс тоосгон гарааш эзэмшигч иргэн та энэ талаар бодож үзээрэй.