Энэ жил 4793 айлын орон сууц ашиглалтад орно

2014-04-10 00:00:00
Г.ХИШИГСҮРЭН
Нийслэл агаар, хөрсний бохирдлоосоо салах олон талын ажил хийж байгаагийн нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлт байгаа юм. Үнэндээ нийслэлээс хэрэгжүүлж эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг түүхэн бүтээн байгуулалт ч гэж тодорхойлдог. Учир нь 800 мянга гаруй иргэд оршин сууж буй гэр хорооллуудын хувьд энэ нь анх удаа төлөвлөлттэй, улсаас их хэмжээний төсөв мөнгө гарган хэрэгжүүлэхээр хувийн хэвшлийнхэнд хариуцуулсан юм. Гэтэл гэр хорооллыг барилгажуулах ажилд шалгарсан компаниудын барьсан барилга чанарын шаардлага хангах нь хэр юм бол. Амьдралын баталгаа болсон орон байр, хашаа газраа өгөөд энэ төсөлд хамрагдчихвал чанартай, сайн орон сууцтай болж чадах болов уу гэсэн иргэдийн эргэлзээ их байна. Учир нь барилгын салбарын асуудал ар араасаа цуварсаар л байгаа. Уг нь тэдний ажилд төрөөс хяналт тавина, дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг. Дэмжлэгээ ч тодорхой хэмжээгээр өгч байна, харин хяналт хэр байгаа бол.
Богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн ажлыг өрнүүлэхээр "Хера холдинг", "Асар Өргөө","Буурал сутай", "Баганат Өргөө", "Гангар Инвест", "Грандлайн”, "Бүрд констракшн", “Бэрэн групп”, “Жи Ди”, “Халла гонсолл”,  “Монним Урбан Девелопмент”, “Цэлмэг Ази”, “Заг”, “НАЗУ проперти”, “Өндөр буянт”, “Монгол дайван” компаниуд шалгарсан байгаа юм. Тус компаниуд гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн 21 байршилд хийхээр төлөвлөсөн аж. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Х.Баттулгын удирддаг гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны өргөтгөсөн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 15 компани өөрсдийн ажлын гүйцэтгэлийн явцын талаар танилцуулсан юм. Энэхүү төсөлд ажиллаж байгаа компаниудад тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол газар чөлөөлөлт буюу айлуудтайгаа зохицох гэдгийг компанийн удирдлагууд хэлж байлаа. Харин энэ онд дахин төлөвлөлтөөр 4793 айлын орон сууц буюу 14379 иргэнийг орон сууцанд хамруулах юм байна. Мөн 720 хүүхдийн багтаамжтай дөрвөн цэцэрлэгийг байгуулах бөгөөд энэ ажилд 148 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Төсөл хэрэгжүүлэгч компаниудыг сүүлийн гурван жилд хийж гүйцэтгэсэн барилга байгууламжийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын мэдээлэл, сүүлийн гурван жилийн  санхүүгийн тайлан аудитын дүгнэлт, төслийг хэрэгжүүлж чадах техник технологийн чадавхи, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, түр суурьшуулах төлөвлөгөө зэргийг харгалзан шалгаруулсан байна. Эдгээр шаардлагаас гадна иргэдийн санал хураалт, дэмжлэгийг харжээ.
Ер нь төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн 73 компанийн 108 саналын материал хүлээн авч шалгаруулсан байна. Эдгээр компаниудаас 16 компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч бүтээн байгуулалтын ажлаа эхэлжээ. Урьдчилгаа төлбөр төлж чадахгүй айл хашааны төлбөрөө тохирсон үнээр нь орон сууцаар сольж байгаа нь энэхүү төслийн давуу тал гэдгийг олон хүн хэлдэг. Тиймээс цаашид энэхүү төсөлтэй холбоотой хууль, журам тогтоолыг сайжруулах хэрэгтэй байгааг нийслэлийн удирдлагууд онцолсон юм.
 
 
Иргэд газраа хэт өндөр үнэлэх гэсэн асуудал гаргаж байна
Энэ үеэр гэр хороолол хөгжлийн газрын хяналт мониторингийн мэргэжилтэн Н.Мягмардоржоос зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт нэлээд удаашралтай байна уу. Ер нь тулгамдаад байгаа ямар асуудал байна?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 16 компани шалгараад батламжаа авсан. Эдгээр компаниуд 2013 онд барилгын ажлаа эхлүүлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Нийслэлийн зүгээс дэд бүтэц, шугам сүлжээ, зураг төслөө боловсруулах гээд бүх ажлаа ерөнхийдөө хийчихсэн. Харин төсөлд шалгарсан компаниуд маань ашиглалтад орсон орон сууцнуудын  борлуулалтын асуудалд нийслэлийн зүгээс ямар нэгэн гаргалгаа гаргаж өгөөч ээ гэсэн  хүсэлтийг тавьж байна. Батламж авсан компаниуд хоёр талт гэрээ хийгээд явж байгаа. 
-Тэгэхээр борлуулалтын асуудал тулгамдаад байна гэсэн үг үү?
-Зөвхөн борлуулалт гэлтгүй олон тулгамдсан асуудал байгаа. Энэ бүхнийг зохих шатны хүмүүстэйгээ ярилцаад аль болох сайнаар шийдвэрлүүлэх гээд өргөтгөсөн хуралдааныг хийж байна. Ер нь иргэдийн худалдан авах чадвар дутмаг байгаа. Түүнчлэн 2014-2016 онуудад маш их барилга баригдах төлөвлөлттэй. Энэ жил гэхэд 4793 айлын орон сууц баригдана. Жил бүр л шинэ орон сууцнууд ашиглалтад орно. Гэтэл өнөөдрийн эдийн засгийн байдал ямар байгаа билээ, үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа юм.
-Газар нь төлөвлөлтөд орчихсон юм чинь байрны үнэ ханш зах зээлийн ханшаас бага байх болов уу?
-Өнөөгийн байдлаар харж байхад цаашид байрны үнэ нэг их нэмэгдэхгүй болов уу. Учир нь шинэ орон сууц их хэмжээгээр нийлүүлэгдэж байгаа учраас нэмэгдэхгүй байх. Харин борлуулалтын тал дээр төрөөс дэмжээд моргейжийн зээлд хамруулаад, магадгүй зээлийн хувь хэмжээг багасгавал иргэдийн байрны худалдан авалт ихсэнэ, компаниудын хувьд ч эхний барьсан барилгаа хурдан борлуулаад дараагийн барилгын ажилдаа орно.
-Дахин төлөвлөлтийн компаниудын барьж байгаа байрны метр квадратын үнэ хэд байх бол?
-Энэ тал дээр  ярилцаж байгаа тул  одоохондоо шийдвэр гараагүй.  Ер нь нарийвчилсан судалгаан дээр үндэслэж  гарах байх.
-Иргэд газраа чөлөөлж өгөх нь нэлээн маргаантай байгаад байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна?
нэхээр энэ асуудал нэлээн маргаан дагуулж байна. Тухайлбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил дээр айлууд газраа хэтэрхий өндөр үнэлэх, зарим тохиолдолд нүүхгүй байх зэрэг асуудал гаргадаг. Ерөнхий төлөвлөгөөний 2020, 2030 онд тусгагдсан төлөвлөгөөтэй уялдуулж ажиллахад багагүй хүндрэл гарч байна. Эхний ээлжийн төсөл хэрэгжүүлэхээр батламж авсан компаниуд маань хоёр талт гэрээгээ 70-80 хувьтай хэрэгжүүлээд байна. Тэгэхээр иргэддээ хэлэхэд өнөөдрийн амьдарч байгаа орчноо сайжруулж, агаар, хөрсний бохирдолгүй амьдрахын тулд сэтгэл гаргаж хамтарч ажиллаач ээ л гэмээр байна.
-Газрыг яаж үнэлж байгаа вэ. Тухайлбал зарим айл хашаандаа хоёр гурван байшин барьчихсан, зарим нь ямар ч барилга байгууламж бариагүй байгаа шүү дээ?
-Газрыг тусад нь нэг квадрат метрийг ойролцоогоор 100-200 мянгаар үнэлж байгаа. Мөн дээр нь байгаа объектийг тусд нь үнэлж байгаа юм. Тэгээд нийлбэр дүнгээр нь тооцоод төсөл хэрэгжүүлэгч компанийн барьсан орон сууцны метр квадратын үнээр тооцоолж гаргана. Тухайн газар байршил дээр амьдарч байгаа иргэнийг тухайн байршилд баригдах орон сууцанд оруулах, эсвэл баригдсан бэлэн байранд оруулах санал тавьж байна. Ихэнх иргэд өөрсдийнхөө амьдарч байгаа байршилд амьдрахыг хүсч, барилгаа баригдтал түрээсийн байранд амьдрах шийдэл гаргадаг. Зарим нь бэлэн мөнгөө авах сонирхол ч байгаа юм.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 21 байршилд хийнэ гэж байгаа. Хаана хаана баригдаж байна?
-Хан-уул, Баянзүрх, Чингэлтэй,Сүхбаатар дүүрэгт баригдахаар болсон. Мөн Багануур дүүргийн хэсэг газарт дахин төлөвлөлтийн блок гаргачихсан, “Их наяд” гэсэн компани хоёр талт гэрээгээ хийгээд явж байна. Гэхдээ гэрээ нь 75 хувийн саналд хүрэхгүй бол төсөл хэрэгжүүлэх эрхийг хасаад дахиад өөр компани шалгаруулах журам баримтлаад явж байна.