Э.Энхцэцэг: Энэ жил ахмадын 396 орон сууц ашиглалтад орох байх

2014-04-02 00:00:00
Ярилцах танхим”-даа Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба­ны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэ­гийг урьж, ахма­дын орон сууц тойрсон асуудлын талаар ярилцлаа.
үүлийн үед “Ахмадын орон сууц зорилтот бү­лэгтээ хүрэхгүй байна. Нийс­лэлийн ИТХ-ын тө­лөөлөгчид болон Засаг дар­гын орлогч нар ахмадын орон сууцнаас тодорхой хэмжээний квот авч хамаатан садан, таньдаг мэддэг хүмүүс л ахмадын орон сууцанд оржээ” гэсэн мэдээлэл гарах боллоо. Ахмадын орон сууцанд чухам ямар хүмүүс ороод байна вэ?
-Ахмадын орон сууцнаас хэн нэг даргад квот өгсөн асуудал огт байхгүй. Нийслэлийн ИХТ­ын төлөөлөгчид, Засаг даргын орлогч нар, ажил хариуцсан дар­га нарт ямар нэгэн байд­лаар квот өгнө гэдэг байж болохгүй зүйл. Харин ашиглалтад орсон орон сууцыг 75, 25 гэсэн квотод хуваасан нь үнэн. Энэ бол 75 хувьд нь ахмад настан 20 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, таван хувьд нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд автсан иргэдийг оруулна гэсэн квот юм. Үүнийг ойлгох хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон УИХ-ын гишүүн, УИХ-ын байнгын хороодоор дамжуулсан өргөдөл бидэнд ирдэг. Иргэд маань хэн нэгэн даргад хандчихвал да­раалал харгалзахгүйгээр асууд­лаа ший­дүүлчихнэ гэж боддог болсоноос л ийм асуудал үүсдэг байх. Гэхдээ бид “Иргэн өөрөө авчирж өгсөн өргөдөл, даргаар дамжуулж өгсөн өргөдөл” гэх замаар асуудалд ханддаггүй. Яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн өргөдлөө судалж, үнэхээр тэр хүн амьдралын гачигдалтай юу, дараалал харгалзахгүйгээр өргөдлийг хэлэлцэх ёстой юу гэдгийг судалж үзээд шаардлагад нийцэж байвал коммисын хурлаар оруулж, хэлэлцсэний үндсэн дээр асуудлыг шийддэг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
-Ахмадын орон сууц хө­төл­бөрийн хүрээнд ашиг­лал­тад орсон 300 айлын орон сууцны дүүргэлт хэр байгаа вэ. Одоогоор “200 гаруй байр нь эзэнтэй болсон. Цаана нь 100 орчим айлын орон сууц байгаа” гэдэг мэдээлэл гараад байна?
-Эхний ээлжийн 300 айлын орон сууцны дүүргэлт 100 хувьд хүрсэн. Тиймээс сул орон сууц байхгүй. Сул орон сууц байгаа гэдэг яриа тухайн орон сууцанд амьдарч байгаа ахмадын хотхонтой хамааралтайгаар үүс­сэн болов уу. Ахмадын орон сууцны нэг давхрыг Ахмадын хотхон эзэмшиж байгаа. Тэнд чийрэгжүүлэлтийн танхим болон эмийн сан, банк, дэлгүүр гээд өндөр настнуудын асуудлыг шийдсэн цогцолборыг бий болгосон. Нөгөөтэйгүүр, ахмадын хотхоны зүгээс эхний шалгуураа давж, орон сууцандаа хамраг­даад байгаа ахмадуудад хяналт та­вьж ажиллах юм.
-Хяналт гэдгээ тодруулахгүй юу?
-Бидний зүгээс орон сууцанд хамрагдаж байгаа ахмадуудтай гэрээ байгуулсан. Тэрхүү гэрээнд орон сууцандаа өөрсдөө амьдрах тухай тусгасан байгаа. Тэд энэхүү гэрээгээ баримталж байна уу үгүй, юу гэдэгт Ахмадын хотхоны зүгээс хяналт тавьж ажиллана. Гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаа хүмүүсийн гэрээ шууд цуцлагдах учиртай юм.
-Олны танил хүмүүс Ах­мадын орон сууц хөтөлбөрт цөөнгүй хамрагдсан байна гэ­дэг шүүмжлэл бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Тийм хүмүүс бий. Бид ч гэсэн өргөдөл судлах явцдаа олны танил хүмүүс Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасныг хараад гайхаж байснаа нуугаад яах вэ. Гэтэл үнэхээр насаараа улсад хөдөлмөрлөж, алдар гавьяа хүртэж байсан атлаа ядруухан амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ. Тийм хүмүүсийг бид та алдартан учир бид хэл аманд орооцолдоно гээд хөтөлбөрөөс хасах эрхгүй. Тэгээд ч хөтөлбөрт хамрагдах бүх л шалгуурыг хангаж байхад. Ийм тохиолдол цөөнгүй байгаа учир хүмүүс хардаж байгаа байх. Гэхдээ зөвхөн олны танил гэлтгүй насаараа улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллачихаад насны эцэст улсаас тусламж хүсээд явж байгаа хүмүүс олон байгааг дуулгамаар байна.
-Ер нь орон сууц хүссэн өргөдөл хэр их ирдэг вэ. Өргөдлийг сонгон шалгаруулах ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
-Улаанбаатар хотын захи­рагчийн Ажлын алба 1995 онд анх байгуулагдсан. Байгуулагдсан цагаас эхлээд л орон сууц хүссэн өргөдлүүд ирж байсан юм билээ. Тодруулбал, 1995-2012 он хүртэл нийт 8000 гаруй иргэн орон сууц хүссэн өргөдөл ирүүлсэн байдаг. Орон сууц ­­хүссэн иргэд дунд орох оронгүй ахмад настан, алдартнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн гамшигт нэрвэгдэгсэд, хилмэгдэгсэд болон ахмад дайчдын ар гэрийнхэн голдуу бий. Энэ бүх хуримтлагдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг Засаг даргын хэмжээнд авч үзээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Ахмадын орон сууц хөтөлбөрийг боловсруулж, өнгөрсөн жилийн долоодугаар сард журмыг нь батлуулсан. Ахмадын орон сууц хөтөлбөр батлагдсаны дараа нийт 2400 гаруй иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт өгсөн байгаа. Гэхдээ бид орон сууц хүссэн өргөдлөө 2012 оноос өмнө өгсөн иргэдийг эхний ээлжийн 300 айлын орон сууцанд хамруулах шалгуурыг тавьж ажилласан. Өөрөөр хэл­бэл, хөтөлбөр батлагдахаас өмнө орон сууц хүссэн иргэдтэй холбогдох замаар асуудлыг нь шийдэж эхэлсэн гэсэн үг. Энэ явцад олон л асуудал тохиолдож байна. Өмнө нь орон сууц хүссэн ахмадууд хорвоогийн мөнх бусыг үзсэн, орон сууц хэрэггүй болсон, хуучин хаяган дээрээ байхгүй байгаа зэрэг тохиолдол гарсан. Тэр болгонд нь бид дарааллын дагуу дараагийнх нь хүний өргөдлийг хянах замаар ажиллаж байгаа.
-Эхний ээлжийн орон сууцанд хамрагдаж чадаагүй хэзээ орон сууцанд хамрагдах боломжтой болох вэ. Дараагийн ээлжийн орон сууц хаана баригдаж байгаа вэ?
-Эхний ээлжийн орон сууцанд хамрагдаж чадаагүй иргэд Ахмадын орон сууц хөтөлбөр дуусчихаж байгаа юм шиг л аяглаж байгаа. Гэхдээ энэ хөтөлбөр 300 айлын орон сууц ашиглалтад оруулаад дуусч байгаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо 396 айлын орон сууцны хорооллын шав тавигдаад байна. Дараагийн ээлжинд ахмадууд энэхүү орон сууцанд хамрагдах боломжтой. Энэхүү хорооллын шавийг долоодугаар хороололд тавьсан. Энэ оны сүүлч гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ахмадын орон сууц хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжилнэ. Тиймээс орон сууц хүссэн өргөдөл өгсөн иргэд хүлээн авах төвөөс авсан дарааллаа хүлээж байхыг зөвлөх байна.
-Зарим иргэн хаана хандахаа мэдэхгүйгээс болоод энэхүү хөтөлбөрт хамрагдаж чадахгүй хугацаа их алдаж байх шиг байна. Хөтөлбөрт ямар хүмүүс хамрагдах эрхтэй хийгээд хаана хандах ёстойг та хэлж өгнө үү?
-Ахмадын орон сууц хө­төлбөрт өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй ахмад настан бо­лон хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн иргэд хамрагдах боломжтой. Эдгээр хүн манай иргэд хүлээн авах төвд хандаж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд л хангалттай. Манай иргэд хүлээн авах төвөөс бичиг баримтаа бүрдүүлсэн хүмүүст дугаар өгч байгаа. Тэрхүү дугаар дээр үндэслэж асуудлыг шийдэх учир санаа зоволтгүй өөрийн ээлжийг хүлээх хэрэгтэй. Ахмадын орон сууц хөтөлбөрийн дараагийн ээлжийн орон сууцнуудын барилгын ажил явагдаж байгаа тул материалаа өгсөн иргэд тийм удаан хүлээнэ гэж санаа зовох хэрэггүй болов уу.
-Нийт хэчнээн орон сууц баривал нийслэлд байгаа ахмадуудын орон сууцны асуудлыг шийдэх вэ. Энэ талаар тооцоо судалгаа хийсэн байдаг уу?
-Өнөөдрийн нөхцөл байдлаар нийслэлийн хэмжээнд байгаа ахмадуудыг орон сууцанд оруулбал тэдэн ширхэг орон сууц барина гэсэн тооцоо гаргах боломжгүй. Ахмад настан болгон л хашаа байшинд амьдарч байгаа энэ үед бүх ахмадыг орон сууцаар хангана гэдэг бол хэцүү. Ахмадын орон сууц хөтөлбөр нийгмийн халамж шаардсан иргэдэд зориулагдаж байгаа. Ахмадын орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийт 4000 орон сууц барьчихвал асуудлыг ерөнхийд нь шийдэх тооцоо гаргасан байгаа. Энэхүү тооцоог гаргахдаа 1995-2012 оны хооронд орон сууц хүссэн иргэдийн өргөдөл дээр үндэслэсэн байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Р.САРАНГОО