“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-нь өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ

2014-03-05 00:00:00
Улаанбаатар хотын техникийн захуудыг нэгтгэн СХД-ийн 32 дугаар хороо хуучнаар 22-ын товчооноос 1,7 зайд 130 га газарт Авто худалдааны нэгдсэн цогцолбор барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 19 дүгээр тогтоолоор баталсан юм.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 18 дугаар тогтоолоор “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн         өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн             газар байгуулж, дүрмийг баталсан.  Батлагдсан дүрмээр тус газрыг өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн гэж тодорхойлсон байна. Үйлдвэрийн газрын үндсэн зорилт нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд баригдах авто худалдааны төвийн бүтээн байгуулалтын ажил болон цаашдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад оршино гэж заасан байна. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь, огцолборын бүтээн байгуулалт, авто зам, инженерын шугам сүлжээ зэрэг дэд бүтцийг бий болгох, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж тохижилтын ажлуудад  батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөл, барилга угсралтын ажлын норм, нормативын дагуу хяналт тавих, газар эзэмших эрхийн дуудлага худалдаа, түрээс, газар эзэмшлийн эрх олгох зэрэг ажлыг хамтран зохион байгуулж санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, ашиглалт, засвар үйлчилгээ, харуул хамгаалалттыг хариуцах бөгөөд тус цогцолборт зохион байгуулах дотоодын болон олон улсын үзэсгэлэн, яармаг худалдаа зэрэг арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулах юм.
 
Тус үйлдвэрийн газар нь автомашины болон сэлбэг, хэрэгслийн худалдаа,  Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл, автотээврийн хэрэгслэлийн техникийн хяналтын үзлэгийн төв /оношлогоо/, тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэл, автомашины засвар, үйлчилгээ, автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч мэргэжилтэн бэлтгэх сургалт, дамжаа, тээврийн хэрэгслийн жолоодлогын аюулгүй байдлын төв, банк санхүүгийн болон татвар, даатгалын байгууллагын үйл ажиллагаа гэх мэт байгууллагын үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллах дүрэмтэй.  Авто худалдааны цогцолбор барих зарим арга хэмжээний тухай НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд үйл ажиллагааг илүү нарийвчлах журам гаргахаар шийдвэрлэсэн. Энэхүү журмыг эцэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сард болох хуралдаанаар хэлэлцэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.