Энхрий үрсээ дугуйн нөхөөс болгохгүй

2014-03-04 00:00:00
Манайхан жил бүрийн тодорхой үед болсон явдлынхаа талаар статистик үзүүлэлт гаргадаг болоод байгаа. Энэ нь “дэлхийн жишиг” хойно яая гэхэв. Гэхдээ нийгэмд бий болсон сөрөг үзэгдлийн талаар тун ч бахархалтайгаар тоон үзүүлэлтүүдийг толгойд ортол жирийлгэдэг болжээ. Урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй л материал. Харин бид энэхүү таагүй үзүүлэлтүүддээ дэндүү дасч байх шиг. Монгол Улсад жил бүр зам тээврийн ослоос 500 гаруй хүн нас барж, 1200 орчим хүн эрэмдэг болж, байгууллага иргэдэд найман тэрбум гаруй төгрөгийн эд материалын хохирол учирч байгаа юм байна, хөөрхий. Нөгөө дэлхийн хэрүүлийн алим болоод байгаа Украйнд 100 орчим хүн хоёр талын мөргөлдөөний улмаас амь үрэгдэв гэдгийг өдөр бүр монголын телевиз, сонинуудаар мэдээлсэн. Зарим хүн харамсаад нулимсаа арчиж байхдаг шүү. Гэтэл Монголд “уламжлал” болон тогтсон дээрх сүйрлийг анзаарах нэгэн байсан уу. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2012 оны тавдугаар сарын 02-ны өдөр 146 дугаар тогтоол гаргасан. Үүгээрээ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний стратеги”-ийг баталсан билээ. Энэ стратегид 2011-2020 оны хугацаанд зам тээврийн ослын улмаас нас барсан болон хүндээр гэмтсэн тохиолдлыг  50 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байгаа. Хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийг хөгжүүлэх, аюулгүй зам орчинг бий болгох, аюулгүй тээврийн хэрэгслийг ашиглах, хөдөлгөөнд орлцогчдод зориулсан үйл ажиллагааг эрчимжүүлэх, ослын дараах тусламж үйлчилгээг чанаржуулах зэрэг үндсэн зорилтыг тодорхойлсон. Эндээс хэд хэдэн шинэлэг бөгөөд иргэддээ ээлтэй салхи сэвэлзэхийг харж болно. Тухайлбал стартегийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг шалгуур үзүүлэлтийн дагуу шинэчлэх ажлыг зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулах юм. Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг ч уялдуулан зохицуулахаар заасан. Морьтой монголчууд төмөр хүлэг эзэмшээд 100 гаруй жил болж байгаа авч төвлөрсөн хот суурин орчимд хэрхэн биеэ даан унаа тэргээ жолоодож буй нь жоготой л байна. Ялангуяа энэ “жого”-оос болж балчир үрс маань эндэх нь нийслэлийн хэмжээгээр авч үзвэл юун украйн, юун хойд солонгос болоод байна л даа. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 90721 зам тээврийн ослын дуудлага хүлээн авчээ. Үүнээс Улаанбаатар хотод 87354, орон нутагт 3367 дуудлага бүртгэсэн нь улсын хэмжээнд 7.2 дахин, нийслэлд 7.8 дахин өссөн үзүүлэлт байна. Бид энэ чимээгүй дайнтай эвлэрсээр суух уу. Үгүй юм. Үүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/97 тоот захирамж гарган шинэчлэл эхлүүлэв. Долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Үүний дотор зам тээврийн осолд хүүхдүүд өртөх тохиолдол нэмэгдэх хандлагатай тул урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг өгөөд байна. Энэ нь үнэхээр цаг үеэ олсон ажил юм. Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас гаргасан судалгааг сонирхъё. Өнгөрсөн онд орон нутагт 30, нийслэлд долоон хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. Насны төвшингөөс харахад долоо хүртэл насны хүүхэд 20 байна. 54 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Нийслэлд зам тээврийн осолд хүүхэд өртсөн тохиолдол 1107 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 29.9 хувиар буурсан байна. Үүнд баярлаад байх юм алга. Гэмтлийн зэрэг өсөөд байдаг. Бүртгэгдсэн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 76.8 хувь нь явганаар, 21.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1.3 хувь нь дугуйгаар, 0.5 хувь нь бусад тохиолдлоор замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж хохирсон байна. Эндээс нэг зүйлийг тод анзааръя. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байхдаа энэ гашууныг амссан байдаг. Хэн ч анзаарах дургүй нэг асуудал байна. Тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь зориулалтын суудалд сууж зорчоогүйгээс “хэлмэгджээ”. Иймээс дээрх судалгаа, тоон үзүүлэлтийг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Нийслэлийн Засаг дарга А/97 тоот захирамжаар энэ бүхнийг зохицуулахаар үүрэг болгосон. Тодруулбал тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх зориулалтын нэмэгдэл суудлын стандартын талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, жолооч нарт зориулалтын хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглэж хэвшүүлэхэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газарт, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг  үргэлжлүүлэн зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн тээврийн газар, нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгосныг онцгойлон дурдууштай. Замын цагдаагийн ажилтнуудын цээжинд нь хэвшсэн нэг үзүүлэлт бий л дээ. Юу гэвэл гурван жолооч тутмын нэг нь хөдөлгөөний дүрэм зөрчдөг гэж. Үнэхээр хэцүү үнэн. Манай хойд хөрш Орост гэхэд л замын хөдөлгөөний дүрмийг цусаар бичигдсэн дүрэм гэж захын нэгэн жолооны хүрд эргүүлэгч тархи толгойдоо шингээсэн байдаг юм.
Нэг замын цагдаа телевизээр ярьж байсныг санаж байна.  Шинээр зам ашиглалтад ороход тэнд хурд нэмэгддэг. Үүнийг дагаад дээрх “чимээгүй дайн” өрнөөд байдаг. Жолооч нарыг бэлтгэдэг элдэв курс, дамжаанууд гол зүйлдээ анхаарал дутуу тавиад байх шиг.
Дээр өгүүлсэн захирамжид нэг чухал заалт бий. Тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх зориулалтын нэмэгдэл суудлын стандартын талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, жолооч нарт зориулалтын хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглэж хэвшүүлэхэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газарт даалгасан. Үүний дотор нийтийн эзэмшлийн зам талбай, ялангуяа явган хүний зам дээр зөвшөөрөлгүй баригдсан болон байрлуулсан объект, хашааг буулгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна гэсэн байгаа. Энэ мэтчилэн иргэдээ, энхрий үрсээ хүсээгүй эмгэнэлт байдалд орохоос сэргийлэх ажлыг нийслэлээс арай өөр өнцгөөс, шинэ зохион байгуулалтаар хийж буй нь иргэдийн амгалан тайван амьдрах итгэл, хүсэлд гал ноцоож буй билээ.
Б.ХАНГАРЬД