Хотын захиргааны шинэ барилга ийм байна

2014-02-28 00:00:00
Ч.МӨНХЗУЛ
Нийслэлийн ЗДТГ-ын “Хангарьд” ордныг бариад удаагүй байгаа. Гэтэл нийслэлийн ЗДТГ хотын баруун хэсэгт дахин шинэ байр барих болсон. Уг ажлыг нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материал орчмын есөн га газарт барихаар шийдсэн.
Яагаад Сонгинохайрханыг сонгов
“Шинэ Улаанбаатарын дүр төрхийг илэрхийлсэн томоохон бүтээн байгуулалтууд хөвөрсөөр байна. Бид ойрын дөрвөн жилийн дотор гэр хорооллыг амины тохилог орон сууц бүхий хороолол, хотхон болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Ирээдүйд олимпийн хот болох шинэ Улаанбаатарын төвийг бид нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөсөн нь санамсаргүй хэрэг биш. Баянхошууг бид 200 мянган хүн ам амьдрах хотын дэд төв болгон хөгжүүлж, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр зорьж байгаа” гэж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл барилгын шав тавих үеэр хэлж байв.
“Манай улсын төр, захиргааны бүх албан байгууллага Бага тойрог орчимд төвлөрсөн. Энэ нь замын түгжрэл, хотын төв дэх нягтралын гол шалтгаан болоод байгаа” гэж нийслэлийн удирдлагууд үзээд хотын захиргааг гэр хороолол руу шилжүүлэх санаачилга гаргасан нь хотын шинэ төв барих ажлын эхлэл байв. Хотын захиргааг нүүлгэх байршлыг судлах Ажлын хэсгийг 2012 онд байгуулсан. Ажлын хэсэг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, алслагдсан таван газрыг сонгон, хотын захиргааны шинэ цогцолборыг барьж болох, эсэхийг судалсны эцэст Ханын материалыг сонгосон байна. Дулааны эх үүсвэр зэрэг дэд бүтцийн асуудлаас эхлэн, нийслэл хотын ирээдүйн төлөвлөлт зэрэг хэд хэдэн хүчин зүйл уг газрыг сонгоход нөлөөлжээ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр найман дэд төв барихаар тусгасан нь эхний шалтгаан. Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон дэд төвтэй хот болгон хөгжүүлэхээр найман газарт хотын дэд төв байгуулан, төвлөрлийг сааруулах арга хэмжээ авахаар болсон. Иргэд харьяа дэд төвүүдэд хандана. Дэд төвүүд нийслэлийн шинэ төвтэй цахимаар харилцаж, иргэдийн асуудлыг шийднэ. Хүн бүр шинэ төв рүү ирэх шаардлагагүй тул Ханын материалаас хол амьдардаг иргэд “Нийслэлийн удирдлагууд иргэдээсээ зугтлаа” гэж гомдол, санал гаргахгүй байх. Үүнээс үүдэн дэд төвөө шинэ цогцолбортой зэрэг барьж эхлэхээр болжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ онд Баянхошуу, Сэлбэ гэсэн хоёр газарт ийм төв барихаар дэд бүтцийг нь шийдэж эхлээд байгаа аж. Улаанбаатар хотын газар нутгийн баруун талд дулааны хүрэлцээтэй. Тиймээс Улаанбаатар хотын газар нутгийг баруун тийш нь тэлж, хөгжүүлэх боломжтой гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа. Энэ нь хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэгт барих дараагийн шалтгаан болсон.
Газар чөлөөлөх гэж цаг алдахгүй
“Ханын материалын үйлдвэрийн тодорхой хувьцааг нийслэлийн ЗДТГ эзэмшдэг тул тус үйлдвэрийнхэнтэй зохицож, ашиглахгүй байгаа үйлдвэрийн суурин дээр хотын захиргааны төв барих нь чирэгдэл багатай” гэж нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр хэлсэн. Энэ нь иргэдийн өмчид халдан, газар чөлөөлөх, айл нүүлгэх асуудал үүсгэхгүй, ажлаа хугацаанд нь эхлэх боломжтой болох тул мөн л энд барих бас нэг давуу тал болж байгаа.  
Ирэх дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхэлнэ
Өнгөрсөн оны зургадугаар сард шавыг нь тавьсан уг газарт ирэх дөрөвдүгээр сараас барилгын ажил эхлүүлж, хоёр жилийн хугацаанд барьж дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа.
Зам, барилгын салбарын тэргүүлэгч компанийнхан барина
Хотын захиргааны шинэ цогцолбор барих аж ахуйн нэгжийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулсан. Барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Халла гонсол” компани шалгарсан юм. Тус компани Чойр, Сайншандын чиглэлийн 90 км авто замыг хугацаанаас нь өмнө тавьж, ашиглалтад оруулсан. Хотын захиргааны цогцолбор барих туршлагатай, зам барилгын салбартаа улсдаа тэргүүлэгч аж ахуйн нэгж гэнэ.
Нүдний хэлбэртэй цогцолбор
Шинэ цогцолборыг 50 мянга гаруй ам метр талбайд барихдаа 50 мянган ам метр авто зам, 125 мянган ам метр ногоон байгууламжтай болгохоор төлөвлөжээ. Цогцолборын ерөнхий загварыг хүний нүд мэт хэлбэртэй байхаар эскиз зургийг нь боловсруулсан. Энэ нь иргэдээ нүдний цөцгий мэт хайрлан, хамгаалах, халамжлах гэсэн утга илэрхийлж байгаа аж.
Ухаалаг, байгальд ээлтэй барилга
Барилгын цахилгаан, дулааныг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдэхээр тооцоолжээ. Энэ нь манай улсад барьж буй барилгуудын дотор, ялангуяа, төрийн байгууллагуудаас анх удаа ухаалаг, байгальд ээлтэй, жишиг барилгатай болгох зорилгын илэрхийлэл. Бохир усаа дахин ашиглаж, гол танхимуудаа нарны энергиэр халааж, эрчим хүч хэмнэнэ. Галын болон дотоод аюулгүй байдал зэрэг зүйлсийг хийхдээ орчин үеийн дэвшилт техник, технологи ашиглах аж.
Одоохондоо мөнгө төлөхгүй
Ажлын хэсгийн дүгнэлтээр Хотын шинэ төв барих ажилд 37.1 тэрбум төгрөг зарцуулна гэж мэдээлж байсан. Гэхдээ “Халла гонсол” компани барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр болж, дараа нь мөнгийг нь төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулах гэж байгаа гэнэ. “Зураг төслөө дуусгах гэж байгаа. Хамгийн чухал асуудал бол барилгын үнэ, төлбөрийн ерөнхий зарчмууд. Одоогоор гэрээндээ дээрх асуудлыг харилцан тохиролцож, нухацтай шийдэх чухал үе дээр ирээд байна. Тус компанийнхан барилгын ажлын өртөг гэж 78 сая төгрөгийн тооцоо ирүүлсэн. Үүнийг нягтлах, бусад бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа” гэж нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ярилаа.
Хэн, хаана нь ажиллах вэ?
Хотын захиргааны шинэ цогцолбор нь нийслэлийн ИТХ, ЗДТГ, хурлын танхим, харьяа 31 агентлаг байрлах дөрвөн барилгатай байна. Нийслэлийн ЗДТГ болон Захирагчийн ажлын алба, харьяа агентлагуудыг хойд хэсгийн 20 давхар барилгад, урд хэсэгт нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албад байхаар эхний ээлжинд эскиз зургийг нь гаргаад байгаа. Энэ хоёр барилгын дунд хэсэгт нийслэлийн Иргэд хүлээн авах төв болон иргэдэд үйлчлэх газруудыг оруулахаар төлөвлөжээ.
“Хангарьд” ордныг хувьчилна
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Хангарьд” ордныг хувьчлахаар болсон. Хувьчилж авсан газар нь төрийн байгууллагуудад түрээслэх ёстой. Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Ч.Сайханбилэг даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг “Хангарьд” ордонд хэдэн хүнтэй, ямар байгууллага оруулахыг судалж, шийднэ. Агентлагуудын суларсан байрыг дуудлагаар худалдах асуудлыг ч судалж байгаа гэсэн.
 “Нийслэл таун” хороолол
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилчид амьдрах хямд үнэтэй орон сууц барих төслийг 2008 онд санаачилсан ч өдий хүртэл биелээгүй. Тэгвэл уг төслийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болсон байна. Уг хорооллыг нийслэлийн захиргааны шинэ цогцолбор орчимд барихаар төлөвлөжээ.