“Тусгаар тогтнолын өдөр”-өөр VIII Богдын хөшөөний шавийг тавина

2013-12-25 00:00:00
VIII Богд  Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэсэн. Энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анараас тодруулав.
-Ямар учраас VIII Богдын хөшөөг барихаар болсон юм бэ?
-1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монголын тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан учир тухайн хүний хөшөөг босгох нь зүйтэй хэмээн түүхчид болон судлаачид үзсэн. Хөшөөг нь Тасганы овоо, Богд хааны ордон музей, Тусгаар тогтнолын талбайд байршуулах тухай санал түүхч, уран бүтээлчдээс жил гаруйн өмнө ирж байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байнгын хорооноос Богд хааны хөшөөг Тусгаар тогтнолын талбайд барих саналаа дахин ирүүлсэн. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар дээрх гурван байршил болон саналыг танилцуулж, хөшөөг Тусгаар тогтнолын талбайд барихаар тогтоож өгсөн.
-Богд хааны хөшөөг хэдэн төгрөгөөр, ямархуу хэлбэрээр барих бол?
-Төсөв хөрөнгө нь батлагдаагүй, эх загвар нь гараагүй. Он гарсны дараа уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж тухайн байршилд зохицсон суурьтай, хойд талынх нь гэрэлт цамхагтай уялдуулсан хөшөөний зураг гаргуулна. Үүний дараа мэргэжлийн комисс гурван хөшөөний эх загварыг сонгоод, иргэдийн саналыг авч, нийслэлийн ИТХ-аар батлуулах юм. Харин энэ сарын 29-нд VIII Богд  Жавзундамба хутагтын хөшөөний суурийг тавих ёслол болно.
- 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеийн Хаант Орос улсын сайд, нэрт дипломатч, Дорно дахин судлаач Иван Яковлевич Коростовецын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөө босгох тухай тогтоолыг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид баталсан. Үүнийг  Шинжлэх ухааны академиас эсэргүүцсэн. Уг хөшөөг барих эсэх талаар шийдэлд хүрсэн болов уу?
-Энэхүү хөшөөг Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт ОХУ-ын Соёл, шинжлэх ухааны төвийн эзэмшлийн талбайд барихаар тогтсон. Тухайн үед хөшөөг барих эсэх талаар эсрэг саналтай хүмүүс байсан ч санал хураах үед дэмжигдсэн тул тус хөшөөг барихаар болсон.Одоогийн байдлаар хөшөө барих уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт явуулж байна.