Ахмадын орон сууцанд оршин суугч Х.Дашням: Байранд амьдарна гэдэг чинь диваажинд байх шиг жаргалтай юм аа

2013-12-20 00:00:00
Зуун айлд буюу 32-ын тойргоос Улсын бүртгэл явах замд 15 давхар хоёр барилга шинээр барьсан. Тэнд ахмадуудыг түрээсээр амьдруулж эхэлжээ. “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Ахмадын түрээсийн орон сууц” хотхоны эхний ээлж ашиглалтад ороод байгаа нь  энэ. Өөд болтлоо амьдрах түрээсийн байрандаа ахмадууд хэрхэн амьдарч байгааг сурвалжлахаар очлоо. Байр нь шинээр ашиглалтад орсон болохоор гадна тал нь тун цэвэрхэн, орчны тохижилт ч сайтай харагдав. Байрны гадаа очиход “Портер” машин орцны үүдэнд тулж зогсоод ачаа буулгаж байлаа. Модон ор, ширээ, сандал зэргийг ачиж ирснээ буулгаж байна. Айл нүүж ирж байгаа нь энэ. Шинээр нүүж ирж байгаа айлын эзнийг С.Мягмар гэдэг ажээ. Тэрээр Төмөр замд хөлсний байранд амьдарч байгаад ийн нүүж ирж байгаа юм байна. Тэрээр “2003 онд хотын гүйцэтгэх захиргаа гэж байхад ахмадуудад орон сууц барьж өгнө гэх сураг сонсоод өргөдлөө өгсөн. 10 жилийн дараа хүсэлтийг минь шийдэж өглөө. Маш их баяртай байна. Төр засгийнхаа буянаар орох оронтой боллоо. Түрээсийн байр ч гэлээ бурхны оронд очтолоо амьдарна гэж бодохоор сэтгэл их өег, сайхан тайвширч байна. Тэтгэврээс авдаг хэдэн төгрөгөө түрээсэндээ өгчихнө. Миний хүүхдүүд гадаадад сурч байгаа. Ээжийгээ ингээд орон сууцанд орохоор тэд ч гэсэн санаа зовох зүйлгүй болж байна. Төр засагтаа, нийслэлийн засаг захиргаанд тун их талархаж байна. Улс биднийгээ урт удаан наслаарай гэж нэг ёсны үүрэг өгч байх шиг” гэв. Нүдэндээ баярын нулимс мэлтэлзүүлэн ярих тэрээр өөрийнхөө сайн өдөр буюу өчигдөр шинэ байрандаа нүүж ирж байгаа нь  энэ ажээ.  
Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дунд болон бага орлоготой иргэдийг орон сууцжуулах төслийн эхлэл энэ юм байна. “Ахмадын түрээсийн орон сууц”-ыг “Бэрэн” групп барьжээ. Ахмадуудад зориулагдсан орон сууц учраас аль болох сайн чанартай барихыг хичээж ажилласан гэж байв. Мөн оршин суугчдадаа түлхүүрийг нь гардуулан өгөхдөө гүйцэтгэгч компанийнхаа хамт байлцаж, ямар нэгэн асуудал гарвал шийдвэрлэж өгсөн гэнэ. 15 давхар, нэг орцтой уг барилга нэг давхартаа 10 айлтай. Бүгд нэг өрөө бөгөөд 25.8-35.7 метр квадрат талбайтай 300 айлын орон сууц юм байна. 300 айлаас одоогийн байдлаар 138 айл нь нийслэлийн зүгээс зөвшөөрлөө авч дийлэнх нь гэрээгээ хийгээд байгаа юм байна. Харин нүүж ирсэн нь одоогоор 100 гаруй айл байв. Хөтөлбөрт хамрагдсан айлууд байрныхаа нэг метр квадратыг гурван мянган төгрөгөөр түрээсэлж байгаа юм билээ. Тэгэхээр нэг айл дунджаар түрээсийн төлбөртөө сард 110 мянган төгрөг төлнө гэсэн үг. Дээрээс нь ашиглалтын зардал буюу тог, халаалт, усныхаа мөнгийг төлөх ажээ. Харин түрээсийн орон сууцанд амьдрах ахмадуудтай гэрээ байгуулахдаа онцолсон зүйл нь “Нас барсан тохиолдолд хүсэлт гаргаад орон сууцанд хамрагдаж чадаагүй байгаа дараагийн ахмадад хүлээлгэн өгнө”. Тэгэхээр ахмадууд бурхны оронд одлоо гэхэд нийслэлийн захиргаа орон сууцаа буцааж аваад дараагийнхаа хүмүүст хүлээлгэн өгөх ажээ.  
Эхний айлууд энэ сарын 7-нд нүүж иржээ. Амралтын өдөр, тэгээд дээрээс нь сайн өдөр байсан тул ихэнх айл өглөө эрт ирж гэртээ цай чанаж, хадаг зүүчихээд үдээс хойш нь нүүж ирсэн гэсэн. Зарим нь бүр шөнийн 02 хүртэл тавилга сэлтээ зөөсөн гэж байв. Тус байранд нүүж ирсэн Х.Дашням гуайнд орохоор боллоо. Гэрийг нь заалгаж аваад явав. Цахилгаан шат хүлээгээд зогсож байхад хоёр өвөө гаднаас орж ирсэн юм. Тэд эндхийн оршин суугчид. Нэг давхарт амьдардаг болохоор аль хэдийнэ танилцаад, найзлаад амжжээ. Дэлгүүр рүү хамт яваад ирж байгаа юм байна. Цахилгаан шатны хажууд ирснээ хананд наалдсан бохийг хараад “Өө золиг. Хэн ингээд зажилж явсан бохио хананд наачихдаг байна. Ингээд шинэ сайхан байрыг заваартуулах гээд байх юм” гэв. Тэгснээ бээлийтэй гараараа шүүрч аваад халааснаасаа цаас гаргаж ирэн боогоод гэртээ оруулж хогийн саванд хаях юм болов. Ингээд зогсож байтал цахилгаан шат хүрээд ирэв. Бид гурвуулаа явж байсан тул өнөөх хоёр “За ямар ч байсан та гурав түрүүлж ирснээрээ эхлээд суу. Бид хоёрын нэг нь нөгөөхөөр нь явъя” гэж байна. Тэгэхээр нь “Та хоёр багтана. Суучих” гэхэд “Дөрвөн хүний даацтай. Болох юм болов уу” гэсээр ороод ирлээ. Суусан хойноо цахилгаан шатны ханан дээр наасан санамжийг уншуулж байна. “Хар даа, 630 кг гэсэн байгаа биз дээ. Даацыг нь заасан ч гэлээ дөрвөөс илүү хүн суугаад хэрэггүй. Гамтай байх хэрэгтэй” гэж байна. Ахмадууд аливаа зүйлд гамтай, өөриймсөг сэтгэлээр орчин тойрондоо хандаж байгаа нь юм бүхнээс харагдаж байлаа. Ингээд есөн давхарт бууж Х.Дашням гуайн хаалгыг тогшив. Тэрээр хаалга онгойлгож өгөхөд өөдөөс халуу дүүгэж байгаа нь шууд л мэдрэгдлээ. Мэнд усаа мэдэлцээд гутлаа тайлах зуур “Танайх яасан сайхан дулаахан юм бэ” гэхэд “Ярих юм биш. Янзын сайхан байна. Дулаахан, тохитой. Орон сууцанд амьдрах чинь яасан ч сайхан юм бэ дээ. Би анх удаа орон сууцанд амьдарч үзэж байна. Ер нь энэ хавийнхан бүгд надтай адил юм билээ” гэв. Х.Дашням гуай Төв аймгийн Бүрэн сумын харьяат бөгөөд өдгөө нас сүүдэр 71 хүрч байгаа юм байна. Ганц бие тэрээр өмнө нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт буюу 22-ын товчооны цаахна гэр түрээслэн, айлын хашаа хардаг байжээ. Ганц бие болохоор түлээ нүүрсээ оруулах, өвлийн хүйтэнд бие засахаас эхлээд гарч орох ажил мундахгүй. Жаахан цас орохоор халтирч уначих гээд багагүй зүдэрдэг байсан тухайгаа ярьж байв. Мөн элэг цөсний церрёз өвчтэй, дээрээс нь зүрх муу гэнэ. Тийм болохоор гэр хороололд байхдаа нүүрснийхээ утаанд багтарчих гээд сандардаг байжээ. Тэрээр байс гээд л “Үүн шиг жаргал гэж хаа байхав. Сайхан ажил санаачилж, муусайн хөгшчүүлийг унаад өгөхөөс нь өмнө баярлуулж байгаад магнайгаа хагартал баярлаж байна даа” гэж байлаа. Тэгснээ “Энэ хөгшчүүл чинь зурагтаар гарахдаа байр орон өгөөч гээд байдаг юм байна лээ. Тэгсэн чинь арав гаруй хонож байхад нүүж ирж байгаа айл цөөхөн байна. Манай давхарт л гэхэд нэг хоёр л айл байх шиг. Би ч дуулсан даруйдаа ирээд л орчихсон. Жаахан уйдаж байна. Хурдан саахалт айлууд нүүгээд ирээсэй билээ” гэв. Х.Дашням гуайгаас цагаан сардаа бэлдэж байна уу гэхэд “За тэр цагаан сар яахав. Болоод л өнгөрөх баяр. Байрны мөнгөө л хугацаандаа өгөхдөө бэлдэх минь” гэж байна лээ. Эднийх 27 метр квадрат ажээ. Сарын түрээсэнд 81 мянган төгрөг төлнө гэж байв. Дээрээс нь ашиглалтын мөнгөө төлөхөөр сард 150 мянга орчим төгрөг тушаах ажээ. Тэтгэвэр 200 мянга гаргаж авдаг болохоор болгоно доо гэж байлаа. Тэрээр өглөөд гэрээсээ гарч ойр хавийнхаа хүнсний дэлгүүрээс талх, сүү аваад утаа багатай бол жаал нарлаж байгаад орж ирдэг ажээ. Байрныхан нь дандаа үе тэнгийнхэн учраас буу халж зогсох хүмүүс ч бий гэсэн. Зарим нь “Гадаа жаахан дулаараг. Даалуу нүүгээд энэ сүүдрэвчинд хурдан суух юмсан. Эсвэл хэдүүлээ нийлээд нэгнийдээ орж тоглох уу” гэдэг гэсэн. Эмээ нар харин аль хэдийнэ нэгнийхээрээ орж гардаг болжээ. Яагаав нөгөө долоон давхрын, цэнхэр малгайтай хөгшин өчигдөр гарч ирсэн үү гээд нэгийгээ үгүйлдэг болоод амжчихаж. Х.Дашням гуайнхаас гарч орцных нь гадаа хэсэг зогсов. Гартаа тортой сүү, боорцог барьсан өвөө, эмээ байс гээд л орж гарах нь аргагүй л ахмадуудын байр юм. Энд байр түрээслэн амьдарч байгаа хүмүүсийн хамгийн өндөр настай нь 102-той юм билээ. Тэгээд дунджаар 68-75 насныхан. Дэлгүүр явсан зарим нь гэр лүүгээ шуудхан орчихолгүй байрныхаа нөмөрт байх модон сандал дээр хэсэг амсхийнэ. Тэдэнтэй уулзахад “Түрээсийн ч гэлээ байр өгч байгаа нь сайхан байна. Өөрийн гэсэн оронтой боллоо л гэсэн үг. Унаад өгөхөд үр хүүхдэд маань үлдэхгүй нь жаахан тиймхэн юм. Гэрээн дээрээ бурхны оронд одвол үр хүүхэд нь шууд суллаж өгнө гэсэн байгаа. Уг нь ойр дотных нь өндөр настан байвал түүнд шилжүүлж өгвөл зүгээр юм даа” гэж байв. Мөн “Энд амьдарч байгаа хүмүүс нас барсны дараа улс байраа буцааж авна гэж байгаа. Хүн өнгөрсөн байранд дараагийн айл тийм дуртай орох болов уу. Хэдэн жилийн дараа тэр чигээрээ сүнстэй байр болчих вий дээ” гэж байлаа.
С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН