IRI Монголд: Ардчиллыг санхүүжүүлэх нь

2013-12-13 00:00:00
Вашингтонд ирээд хагас сар болсны дараа /бидний хэсэг нөхөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын туслалцаатайгаар АНУ-д хэлний бэлтгэлд хамрагдсан сэтгүүлчдийн дөрөв дэх ээлж болов/ Монголын тухай жаал жуулхан “сайн” үг сонсоод магнай хагарах шахав. Хөрөнгөжиж бэлжсэн, хөгжингүй орны сүрд дарагдахын сацуу “сиймхий ч гэсэн гэр минь” хэмээн эерүүлж явсан Монголынхоо тухай харь хүний амнаас сайшаалын сайхан үг дуулна гэдэг ээрэм цөлд бэдэрч яваад гэнэт нэгэн баян бүрд дээр орсноос ялгаа юун...

Ерээд оны дундуур нэгэн боловсролтой эрхэм МУИС-ийн оюутнуудад зориулж АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэн буюу IRI-ийн хүмүүсийг урин хичээлээс гадуур лекц оруулдаг байлаа. Өөрөө англи хэлнээс синхрон орчуулга хийнэ, бас тухайн үед бидний ой ухаан хүрдэггүй байсан шилжин орж буй шинэ нийгмийн талаар төсөөлөл, мэдээлэл өгөхийг хичээнэ. Аль социализмын үеийн агуулгаараа явж байсан их сургуулийн багш нарын лекцтэй харьцуулахад тэдгээр уулзалт бидний хувьд “цэвэр агаар” амьсгалах мэт л мэдрэмж төрүүлдэг байлаа. Энэ хүн бол Монголын ардчиллын “Загалмайлсан эцэг”хэмээн бидний нэрийддэг С.Зоригийн ах Санжаасүрэнгийн Баяр байсныг бүр хожим их сургууль төгссөнийхөө дараа л таньж билээ. Тухайн үед тэрээр Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн Монгол дахь салбарыг тэргүүлж байв. Харин одоо Энэтхэг улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар ажиллаж байгаа.
IRI буюу Бүгд найрамдахчуудын хүрээлэнг анх 1983 онд Ерөнхийлөгч асан Р.Рейган үндэслэжээ. Ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, ардчилсан замаар хөгжиж буй дэлхийн бусад орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор. Одоо ч Вашингтон дахь IRI-гийн төв байранд Бүгд найрамдахчуудын билэг тэмдэг болсон Р.Рейган, Ж.Буш нарын зураг хүндтэй байрыг эзэлсэн хэвээр. 

Энэ онд IRI-гийн 30 жилийн ой тохиож байгаа. Уг ойн хүрээнд зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын баатар, Улаанбаатар хотын мэр Э.Бат-Үүл, Словак улсын ардчилсан хөдөлгөөний удирдагч, ерөнхий сайд асан Микулас Зурида нарыг хүндэт зочноор урьж оролцуулсан юм. Хоёр дахь өдрийн арга хэмжээнд хотын мэр Э.Бат-Үүл уригдаж, “Төвлөрлийг сааруулсан засаглал” сэдвээр лекц уншин, оролцогчдын асуултад хариулж, нээлттэй яриа өрнүүлсэн. Энэ уулзалтын бас нэг хүндтэй зочид нь ерээд оноос хойш манайд Элчин сайдаар ажиллаж байсан, монгол судлаач эрдэмтэн хатагтай Элиса Кэмп /эдүгээ Жонс Хопкинсийн их сургуулийн Олон улс судлалын сургуульд судлаач, эрдэмтэн/ болон Элчин сайд асан Альфонс Ла Порта /НАТО-д зөвлөхөөр ажиллаж байсан, эдүгээ Малайз-Америкийн сангийн тэргүүн/ нар. Мөн түүнчлэн Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерсийн нэрийг дурьдахгүй өнгөрч болохгүй.   
Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн хувьд 1989 оноос Монголд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хатагтай Элиса Кэмп тэр цаг үеийн тухай “Би анх Ю.Цэдэнбалын хаанчлалын үед Монголд очиж байсан. Хоёр дахь удаагаа 1990 оноос Элчин сайдаар томилогдож ажилласан. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр үед нэг хүнийг тахин шүтсэн татолитари дэглэмийг халахын төлөө хэрхэн тэмцэж байсныг нүдээр харсан. Гадаадынхны хувьд монголчуудын талаар буруу ойлголттой явдаг шалтгаан нь тэдний түүхийг мэддэггүйтэй холбоотой. Түүнээсээ болоод тэдний өчүүхэн жижиг алдааг илүү ихээр томсгож, харин хийж бүтээсэн олон зүйлийг нь бодитойгоор үнэлдэггүй. Зүүн Европод боловсрол эзэмшсэн Монголын залуус тухайн цагт Хятадад, Тянминий талбайд болсон аймшигт хядлагыг хараад маш их цочролд орсон. Түүнтэй адил ах дүү, найз нөхөд, хамтран зүтгэгчдийнхээ эсрэг хядлага үйлдэх тийм зүйл Монголд болох вий гэдэгт маш их эмзэглэж байсан. Тэдгээр залуусын адилаар ямар нэг аллага хядлагагүйгээр ардчиллыг тогтоосон түүх дэлхийд ховор шүү” хэмээн сануулсан юм.  

Түүнчлэн, тухайн үед хийгдсэн ардчилал шинэчлэл Монголд эдийн засгийн маш хүнд нөхцөл байдалд хийгдсэн. Хоол хүнсний хомсдол, үйлдвэрлэлийн салбаруудын уналт гэх мэтчилэн. Тэгсэн хэдий ч монголчууд ардчиллыг хэрхэн хийх тухай л ярьж байсан. Нээлттэй эдийн засаг, ардчилал шинэчлэлийг авчрахын тулд Монголын төрийн ажилтнууд маш их ажилласан. Тийм ч учраас АНУ Монголыг ардчилсан, нээлттэй нийгэмд шилжиж байгаа олон оронд жишиг болно гэж үзсэний үндсэн дээр энэ “модуль”-ийг санхүүжүүлсэн юм. /Харвардын их сургуулийн эрдэмтэд ерээд оны Монголын эдийн засгийг 1940 оны дайны үеийн Япон, 1983 оны Италийн хямралтай зүйрлэж байжээ/ Хэрвээ бид “Ардчилал” гэж хэлдэг зүйлдээ итгэдэг бол Монголыг харахдаа “Бид юу хүсч байгаа вэ” гэдгээ бодох ёстой. Монгол бол дундад Азийн бусад орнууд, Оростой харьцуулахад зөвлөлт дэглэмээс ардчилсан шинэ нийгэм рүү хамгийн амжилттайгаар шилжсэн орон. Тухайн үеийн МАХН-ын залуу удирдлагууд ч гэсэн энэ ардчилсан өөрчлөлтийг яаж тайван замаар явуулах вэ гэдэгт маш их анхаарал хандуулсан. 1918 оноос өмнө монголчууд АНУ-аас олон удаа тусламж хүсч байсан. Одоо ч гэсэн тусламж хүсч байна. Өнгөрсөн 20 жилийн турш монголчууд дандаа зөв  явсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ л монголчууд зөв замаар явж байгаа гэж үздэгээ энэ удаад ч бас хэлсэн юм. Хатагтай Элиса Кэмп 1990 оноос хойш Монголд 25 удаа ирж ажилласан нь нэг талаар түүний хэлсэн үгний үнэ цэнийг тодорхойлж чадах юм. 

Уг уулзалтын үеэр Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний асуудал бас л анхаарал татсан сэдвийн нэг байлаа. Анх ерэн онд ардчилсан хувьсгалын эхэн үед Монголд чөлөөт хэвлэл гэж байсангүй. Харин одоо Хэвлэлийн эрх чөлөөний хуультай болсон, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бараг бүхэлдээ хувийн секторт шилжсэн. Өөрөөр хэвлэл мэдээлэл маш их мэдэлтэй болсон. Гэсэн ч энэ эрх мэдлийг дагаад хариуцлага гэдэг зүйл байх ёстойг тэд бидэнд сануулсан юм. Гадаадын бусад орны туршлагаас суралцаж, сэтгүүлчдээ хариуцлагатай болгох нь ардчиллыг бэхжүүлэхэд маш их үүрэгтэй шүү. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал бидний хувьд маш том цочрол, бас сорилт болсон гэдгийг хэлэхээ мартсангүй. Нэг үгээр хэлэхэд, IRI Монголд анх ардчиллыг тогтооход монголчуудыг хэрхэн дэмжин тусалсантайгаа нэгэн адилаар хорин жилийн дараа монголчууд ардчилсан замаар хэрхэн бие даан хөгжиж байгааг анхааралтай харж байна. 
Бяцхан хошигнол хавчуулаад хэлчихэд энэ цаг үеийн Монголын “сэтгүүлчид”-ээс /хэрвээ ингэж хэлж болдог бол шүү дээ/ сайнаар дурьдагдсан ганц хүн гэвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байлаа. Түүний ардчилал, шударга ёсны төлөө хийж буй тэмцэл Хойд Солонгос, Индонез гээд дэлхийн бусад оронд туршлага болж байгааг Бүгд найрамдахчууд хэлж байна. Ерөнхийлөгчийн эдгээр орнуудад хийсэн айлчлалын үр дүнг ийнхүү үнэлсэн хэрэг биз. Монголчууд бид л дотроо биенээ хэмлээд байдгаас биш Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүн /хэрвээ өнөөдөр амьд сэрүүн байсансан бол С.Зориг гэдэг хүний нэр ч мөн энэ дотор явах байлаа/ лав эдүгээгийн бидний дундаас хэдийнээ “дэлхийн хүн” болсныг энэ төсөрхөн уулзалтаас харж болох байлаа. Тэрнээс ч чухал нь бидний өдөр тутам харж заншсан хэвшмэл дүр зураг, үргэлж үгүйсгэж ирсэн ардчилсан өөрчлөлт, хөгжил дэвшлийн тухай бөмбөрцгийн нөгөө бөөрөнд огт өөрөөр үнэлж байна. Тэгэхээр бид өөрсдөө ч гэсэн өөрсдөдөө итгээд, хүч нэмээд үзвэл яасан юм бэ гэж... 

Анзаарахад энэ удаагийн уулзалтын гол мессеж нь Монголын ардчилал дэлхийд хамгийн сайн жишиг болж байна. Америкчууд анх ардчиллыг яаж хийсэн, яг тэр замаар монголчууд явж байна. Тиймээс америкчууд ардчилалд итгэдэг шигээ монголчуудад итгэж дэмжих ёстой гэдэг үзэл санаа байсан юм болов уу. Америкчуудаас ялгаатай нь монголчууд ерөнхийлөгч Кеннедийн хэлсэн шиг “Энэ бол алдаа байлаа” гэж хэлдэггүй, “Энэ бол бидний алдаа” гэж хэлдэг. Энэ бол маш сайн чанар гэдгийг ноён Сандерс сануулсан. Тэр энэ талаар “Парламентын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч болохоор хууль баталсан нь монголчуудын хувьд мянган жилийн өмнөх Английн бюрократ маягийн төрийг бий болгосноос өөрцгүй болсон юм. Харин одоогийн эрх баригчид 2016 оны сонгуулиас өмнө энэ хуулийг халж, парламент болон Засгийн газар тус тусдаа байх хуулийг батлуулахаар ажиллаж байгаа” гэсэн нь Ардчилсан нам болон парламент дахь олонхид нэг ёсны “ташуур” өгч байгаа хэрэг болов уу.

Б.СЭМҮҮН