Барилгын зөвшөөрлийн чагтыг ингэж мултална

2013-12-12 00:00:00
Хотын утаа, хөрсний бохирдлоос гарах хамгийн оновчтой гарц нь нийслэлийг бүхэлд нь орон сууцжуулах явдал. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өмнө байгаагүйгээрээ оволзох болсон. Шинэ төлөвлөлт, дүрэм журмаар Улаанбаатарыг дэлхийн хотуудын жишигт хүргэхээр дээр, дооргүй тэмцэж буй ч барилгын салбар барцад ихтэй явж ирэв. Эмх цэгцгүй, дэвшилт технологид суурилаагүй, нэгдсэн бодлогогүй явж ирснийг олон жишээ, баримт харуулдаг. Хөдөлмөр, аюулгүй байдлаа хангаагүйгээс эрдэнэт хүмүүний амь ээлж дараалан эрсдэж, ёстой л энэ салбарт чөтгөр шүглээ юү гэцгээж байв. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэгчлэн дан ганц энэ салбарынханд буруу өгөх нь өрөөсгөл.
100 ГАРУЙ ХОНОГ, 61 ГАРЫН ҮСЭГ
 
Иргэн Балдан өөрийн газар дээрээ 12 давхар барилга барихаар болж л дээ. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авна гэдэг Балдангийн хувьд Гималайн нуруунд авирахаас ч хэцүү. Хүнд суртал, авлига хээл хахуультай 100 гаруй хоног нүүр тулж, 61 гарын үсэг цуглуулах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, барилгын зөвшөөрөл авахын тулд 20 шат дамжлагаар төрийн эрх бүхий 12 байгууллагатай харилцаж, 100 гаруй хоног зарцуулж байгаа хэрэг. Багаар бодоход л шүү дээ. Барилгын ажил улирлын чанартай тул Балдан гарын үсэг, бас бус зүйлээ цуглуулж амжихгүй. Зөвшөөрөл гарахыг хүлээсээр байтал зун дуусчих гээд байдаг. Аргагүйн эрхэнд барилгын ажлаа зөвшөөрөлгүй эхлүүлж, хууль дүрэм зөрчиж эхэлдэг. Эцэстээ энэ нь ямар эрсдэлд оруулдаг вэ. Ойлгомжтой, иргэд л хохирч байна. Балдантай ижил зовлонтой хүн барилгын салбарт үй олноороо бий. Балдан болоод түүний нөхдийн буруу ч биш л дээ . Угаасаа манайхны дарга нэртэй цүдгэр гүзээтнүүдэд хүнд суртал, авлига хээл хахууль бугшчихсан. Мэдээлэл технологийн эрин зуунд ганц зөвшөөрөл авахын тулд танил талдаа дулдуйдан, 61 гарын үсэг цуглуулж явдаг манайх шиг улс дэлхийн хаана ч байхгүй.
100 гаруй хоног, 61 гарын үсэг. 2012 оны арванхоёрдугаар сарын 26 хүртэл Монгол Улсын барилгын салбарт ийм тоо, үсэг холилдон, толгой хөл нь олдохгүй явж ирсэн. Асар их цаг хугацаа зарцуулж, зардал чирэгдэл болж байж арайхийн зөвшөөрөл гаргуулдаг байв. Иймд нийслэлийн ЗДТГ барилгын зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчлөх, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх зорилгоор 2012 оны арванхоёрдугаар сарын 26-наас Иргэд хүлээн авах төв байгуулсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ төвөөр дамжуулан, барилга байгууламж барих, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад өгөх зэрэг есөн төрлийн үйлчилгээ явуулж, нийт 6674 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, 1000 гаруй барилга барих зөвшөөрөл олгосон байх юм. Энэ нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт аж. Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлснээр мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөл, ажлын бүтээмж сайжирч, барилга барих хүсэлтийг 100 гаруй хоногт шийдвэрлэдэг байсныг 23 хоног, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хариуг нь дунджаар 19 хоногт багтаан өгч байгаа. Энэ бол 100 гаруй хоногт 61 гарын үсэг цуглуулахтай харьцуулахад хавьгүй бага хугацаа ч барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, ашиглалтад өгөх үйл явц хүндрэл, чирэгдэлтэй хэвээр байна. Тухайлбал, барилгын зөвшөөрөл авах ажлыг нэг цэгийн үйлчилгээнд нэвтрүүлсэн ч хүсэлт гаргагчид 20 орчим байгууллагад биеэр очих шаардлага байсаар байгаа.
 
БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР МАНАЙ УЛС 189 ОРНООС 107-Д ЖАГСАЖ БАЙНА
 
Барилгын зөвшөөрөл авахад 100 гаруй хоног зарцуулдаг байсныг 23 хоног болгосноор барилгын зөвшөөрөл авах шалгуур үзүүлэлтээр манай улс өнгөрсөн жилээс 25 байраар ахисан. Өөрөөр хэлбэл, “Бизнес эрхлэхүй 2014 онд” судалгаанд хамрагдсан 189 орноос Монгол Улс “Барилгын зөвш өөр өл авах” шалгуур үзүүлэлтээр 107 дугаар байрт оржээ. Хэдийгээр энэ ажил үр дүнгээ өгч байгаа ч Иргэд хүлээн авах төвөөр дамжуулан явуулсан судалгаагаар бодит байдал төдийлэн ахицтай харагдахгүй байгаа. Тэгэхээр энэ ажлыг илүү хөнг өвчл өх, хялбаршуулах хэрэгцээ, шаардлага байгааг энэ сарын 2-нд өрн үүлсэн хэлэлцүүлгийн үеэр албаны хүмүүс онцоллоо. Ингэхийн тулд ирэх онд барилгын зөвшөөрөл олгох ажлын хүрээнд олон шинэчлэл хийх гэнэ.
 
Э.БАТ-ҮҮЛ ЗАЙЛШГҮЙ ЗУРГААН АСУУДЛЫГ ШИНЭЧИЛНЭ
 
1.Барилгын компаниуд албан ёсны ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд, орон сууцны суурийг хөндөж барилга барих ноцтой зөрчлүүд гаргасаар байна. Зөвшөөрөл авах ажлыг хөнгөвчлөн, түргэн шуурхай болгосоор байхад энэ мэт ёс зүйгүй байдал гаргаж байгаа этгээдүүдтэй хатуу ярихаас өөр аргагүй. Бид иргэдээ хүндэтгэдэг, иргэдийн эд хөрөнгийг үнэ цэнэтэй байлгахын тулд барилга барих зөвшөөрөл олгохдоо тухайн хэсэгт оршин суух иргэдээс заавал зөвшөөрөл авдаг байхаар шинэ журам боловсруулж байна. Энэ нь иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж, өмчийг нь хамгаалах нэгэн томоохон шийдвэр болох юм. Оршин суугчид нь барилгын компаниудаа шантаажлаад суучих юм биш биз гэж зарим нь бодож магадгүй. Харин оршин суугчид үүгээр далимдуулж, хуулийн ямар нэгэн үндэслэлгүйгээр саад учруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2. Барилгын зөвшөөрөл авахад хамгийн их чирэгдэл учруулдаг нь техникийн нөхцөл олгох. УСУГ, цахилгаан, дулаан гэх зэргээр олон газраар явж, хугацаа алддаг тул 2014 оноос барилгын техникийн нөхцөлийг ОСНААҮГ-ын контор нь олгож байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шинээр барилга барих газрын зөвшөөрлийг тухайн бүсийн ОСНААын контор олгож байх юм. Ингэснээр бүх эрх мэдэл ОСНААҮГ-т очино. Өнөөдөр орон сууцны конторуудад боловсон хүчин дутмаг байгаа. Гэхдээ эрх мэдэл хаана байна, боловсон хүчин тийш явдаг бичигдээгүй хуультай. Хотын захиргаанаас эдгээр газрыг хүний нөөцөөр хангаж өгнө. Тэд эрх мэдэлтэй болсон гээд дураараа дургихгүй, бүх ажил хуулийн хүрээнд явагдана. Нийслэлд 16 давхраас дооших барилга байгууламжууд энэ журмаар ажиллана. Харин орон сууцны конторууд хуулиас гадуур асуудал тавибал барилгын компаниуд давж заалдах эрхтэй.
3.Барилга эхлүүлэх улаан шугамыг хотын захиргаанаас тавина. Улаан шугам татаагүй байхад барилга барьсан хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг нь шууд цуцална. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас энэ ажлыг гүйцэтгэнэ. Улаанбаатар хотын газар дээрх, доорх шугам сүлжээний 26.5 хувь нь мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Тиймээс нийслэлийн хөрөнгө оруулалтаар газар доорх шугам сүлжээг сканнерддаг, барилга байгууламжийн байршлыг тогтоодог хэмжилт бүртгэлийн иж бүрэн хоёр багажтай болсон. Үүгээрээ тухайн барилга барих гэж буй газрын доогуур янз бүрийн шугам тоноглол байгаа эсэхийг шалгах юм. Ямар ч асуудал байхгүй тохиолдолд улаан шугам тавьж өгөх юм.
4.Барилгын зөвшөөрөл авах, үргэлжл үүлэх зөвшөөрлийг интернэтээр өгдөг болно. Заавал биеэр ирж, зардал чирэгдэл учруулах ямар ч шаардлагагүй болох юм.
5.Хууль эрх зүйн орчныг нь сайжруулна. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж батлах нь ус, агаар мэт хэрэгтэй байна.
6.Энэ үйлчилгээнийхээ төлөө төлбөр авдаг болъё. Төрийн үйлчилгээг бараа гээд л бодчих. Бараа худалдаж авахдаа бид мөнгө төлдөг. Хариуцлагатай болох эхний алхам энэ. Мөнгийг нь авсан хүн бараагаа заавал өгч л таарна шүү дээ. Ийм зарчимд шилжинэ. Ер нь он гараад барилгын салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл хийнэ.
Барилгын зөвшөөрөл олгох ажлын шинэчлэл ийнхүү сууриа тавив. Ганцхан жилийн хугацаанд Монгол Улс барилгын зөвшөөрөл авах шалгуур үзүүлэлтээр 25 байраар урагшиллаа. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Мөн барилгын зөвшөөрөл олгох техникийн комиссын хурал өнгөрсөн онд 11 удаа болсон бол энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 20 удаа хуралдаж, зохих шийдвэр гаргасан. 2012 онд барилга барих 632 зөвшөөрлийг шийдсэн бол энэ онд 1773 болж өссөн нь том амжилт. Үүнийг цаашид улам гүнзгийрүүлж, илүү хялбар болгох л үлдлээ. Ямартай ч он гараад энэ салбарт нэлээд өөрчлөлт хийх нь. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах нь Гималайн нуруунд авирахаас хэцүү байсан. Тэгвэл өнөөдөр Гималайн нуруунд биш юм аа гэхэд Алтайн нуруунд авирчихаж болохоор ойрхон харагдаж байна.

 О.БАТ-УНДРАХ