Барилгын зөвшөөрөл авахад дарга нарыг царайчлахгүй

2013-12-06 00:00:00
Нийслэлд өнөөдөр чухамхүү томоохон бүтээн байгуулалтууд өмнө байгаагүйгээр оволзох болов. Цоо шинэ хот төлөвлөлт, шинэ дэг журмаар дэлхийн нийслэл хотуудын жишигт хүргэхээр дээр дооргүй зүтгэцгээж байна. Улаанбаатарын тулгамдсан асуудал болох утаа, хөрсний бохирдлыг бууруулах боломжийн нэг болсон орон сууцжуулах, барилгажуулах ажил эрч хүчтэй мэт харагдана. Гэвч эмх цэгцгүй, өндөр технологид суурилаагүй, нэгдсэн бодлогогүй явж байгаа нь бидний өмнө мэдрэгддэг. Эмх замбараагүй, төлөвлөлтгүй барьсан барилга, газар олголт нийслэлийн иргэдийн эрүүл, амгалан тайван орчинд амьдрах эрхийг тун ч ноцтойгоор зөрчиж ирсэн дээ. Үүндээ дарга нар нь ч, дугаар хорооны иргэн нь дасчихсан байсан. Барилгынхан хөдөлмөр, аюулгүй байдлаа сахиагүйгээс болж эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай тохиолдлууд шил дараалан гарч байсныг та бүхэн мэдэж байгаа. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг лүгээ адилаар хэргийн буруутныг дан ганц барилгын салбарынханд тохоод байж болохгүй л дээ. Барилгын зөвшөөрөл авна гэдэг өнөөдөр Монголд маш олон шат дамжиж, даргын нүүртэй учрахын тулд Хималайгаас ч өндөр даваа давахад хүрдгийг хотын мээр Э.Бат-Үүл онцлон хэлж байна лээ. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг зогсоож, хуулийг дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцох тухай албан ёсны мэдэгдлийг нийслэлийн Засаг даргын мэдүүлсний дагуу НИТХ*аас ноднин намар тогтоол баталж байсан. Энэ бүхний үр дүн өнөөдөр гарч байгааг хүмүүс мэдрэх болов.
Асуудлын зангилаа болсон зөвшөөрөл хэрхэн олгох талаар саяхан хэлэлцүүлэг боллоо. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирэх онд барилгын зөвшөөрөл олгох үйл явц хэрхэн өрнөх вэ, өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг барилгын компаниудтай нухацтай хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл барилгын зөвшөөрөл олгох шинэчлэл сууриа тавьж чадав, үүнийг улам гүнзгийрүүлнэ гэдгийг сонордуулав. Энэ нь хэрэглэгч, үйлчлэгч, иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж буйгаараа онцлогтой. Өнгөрсөн онд барилга барих 632 зөвшөөрлийг л шийдвэрлэж байсан бол энэ жил энэ тоо 1773 болж өссөн нь том амжилт гэж болно. Адаглаад барилга байгууламжид хаяг дугаар олгох ажил 2012 онд 1420 байсан бол энэ жил 2057 болж өссөн байх жишээтэй. Энэ мэтчилэн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлж олгох, хот байгуулалтын мэдээллийн санд гүйцэтгэлийн зураг хүлээн авах зэрэг барилгын зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээний хандалт, үйлчилгээ үзүүлж буй тоо хэмжээ нь өмнөх оныхоос 40 хувиар нэмэгдсэн байна.
Тухайлбал барилгын зөвшөөрөл олгох техникийн комиссын хурал өнгөрсөн онд 11 удаа болж байсан бол энэ жилийн эхний 11 сарын байдлаар 20 удаа хуралдаж зохих шийдвэрийг гаргаад байна. Энэ нь шийдвэржилтийн байдал эрчимжиж байгааг илтгэх. Барилга байгууламж барих, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилгын  байгууламжийг ашиглалтад өгөх (комисс ажиллуулах) хүсэлтийг шийдзвэрлэх үйл явц байнга л хэл ам таталж ирсэн. Хүндрэл чирэгдлийг нь манай иргэд тоочоод баршгүй гэцгээдэг. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай  хамтран иргэдийн дунд судалгаа явуулжээ. Хамрагдсан иргэдийн 37.1 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь дээрх үйл явцыг их бага хэмжээгээр хүндрэл, чирэгдэлтэй явж байна гэж үзжээ. Тэгэхээр энэ төрлийн ажил үйлчилгээг илүү хөнгөвчлөх, хялбаршуулах хэрэгцээ, шаардлага байсаар байна гэсэн үг. Судалгаанаас харахад үйлчилгээний шуурхай, хялбар байдал, чанар хүртээмжид тодорхой ахиц гарч байгаа нь том олз юм. Мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, ашиг сонирхлын зөрчлийн нөлөөллийг бууруулж байгаа нь ч бий. Мөн үйлчилгээний бүртгэл сайжирснаар хэрэгцээт статистик үзүүлэлт болон үйлчилгээний дундаж хугацааг тодорхойлох, дүгнэлт хийж ажилладаг болсон нь сайшаалтай. Энэ бүхэнд иргэд хүлээн авах төвийг байгуулж нэг цэгийн зарчмаар ажиллаж эхэлсэн нь  шууд нөлөөлсөн хэрэг. Иргэдээс энэ талаар санал авахад 55.6 хувь нь барилгын зөвшөөрөл авахад шуурхай, амар болсон гэцгээж байна.  Харин 29.6 хувь нь амар хялбар болж байгаа гэсэн амтай байгаа. Тодорхой ийм ахиц гарч байгаа ч хүссэн, төсөвлөсөн үр дүнд хараахан хүрч амжаагүй байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
“Барилгын зөвшөөрөл-2014” уулзалтын үеэр барилгын зөвшөөрөл олгох эрх зүйн орчин, шинэчлэл барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн талаар голчлон ярилцсан. Лавтайяа өмнө мэргэжлийн комисс хуралдахад 30, эскиз батлахад 14, барилгын ажлын зураг 14 хоног гэх мэтчилэнгээр барилгын зөвшөөрөл авахад 107 хоногийн хугацаанд 61  эвэртэн туурайтны гарын үсэг цуглуулах хэрэг гардаг байсан. Харин өнөөдөр 14 хоногт л багтаан олгож байгаа нь тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа биз.
Албан хүсэлт, магадлал хийгдсэн зураг төсөл, гүйцэтгэгч байгууллагын гэрээ, хариуцан бариулах инженер даамлын тодорхойлолт зэргийг үндэслэн барилгын угсралтын ажил эхлэх зөвшөөрлийг гэхэд л гурван хоногт багтаан шийдвэрлэж байгаагаас энэ бүхнийг харж болно. Өнөөдөр Улаанбаатар хотын  газар дээрх болон доорх шугам сүлжээний 26.5 хувь мэдээллийн санд бүртгэгдээгүй байдаг юм байна. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр шугам сүлжээ, барилга байгууламжийн байршил хэмжээг тодорхойлох иж бүрдэл хоёр багаж худалдан авснаар 1700 га талбайд байр зүйн зураглал хийсэн юм билээ.
Иргэд маань барилгын зөвшөөрөл олгоход ойлгомжтой, уялдаа холбоотой хууль тогтоомжийг батлаасай, мөрдөөсэй гэж хүсдэг. Энэ талаархи олон улсын шилдэг туршлагыг ч нэвтрүүлж байна. Мэдээж барилгын бизнес эрхлэгчдээс шаардах нөхцөл, шаардлагыг ойлгомжтой байдлаар хуульчлах нь зүй. Гэхдээ барилгын тухай хууль батлагдах нь амжилттай хэрэгжинэ гэсэн баталгаа болохгүй л дээ. Ил тод, хэрэгжих боломжтой хууль, тогтоомж байвал сайн ч эдийн засаг, технологийн өөрчлөлттэй нийцэхгүй бол газар ахихгүй. Хууль тогтоомжид хэт хатуу заалт тавих нь эрх зүйн баримт бичиг цаг үетэйгээ цуг урагшлахад бэрхшээл учруулдаг. Барилгын зөвшөөрлийн шинэчлэл эрчимтэй явагдаж буй Зүүн Европ, Төв Азийн орнуудад гэхэд л барилгын хуулиа байнга шинэчилж чаддаггүй юм билээ. Ерөөс барилгын зөвшөөрөл олгоход оролцогч олон байгууллагыг нэг цэгт төвлөрүүлнэ гэдэг хамтын ажиллагаа, уялдаа холбоо нь нэг болно гэсэн үг. Байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээлэл солилцоог зангидах эрх зүйн баримт бичиг ч нэг цэгт төвлөрнө. Нөгөөтэйгүүр байгууллагуудын үүргийн биелэлтийг хянах механизм ч гарт ороод ирнэ. Өнөөдөр дөнгөж 36 орчим улс л ямар нэг хэлбэрээр барилгын зөвшөөрлийн нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж  байна. 2009 оноос хойш 17 улс амжилтад хүрчээ. Тухайлбал Тайвань нэг цэгийн үйлчилгээг 2011 онд нээж 2012 оны эхээр бүрэн ажиллаж эхэлсэн юм билээ. Үүгээрээ долдугаар байрт оржээ. Арван шат дамжлагаар явж 94 хоногт шийдвэрлэж байж. Манай хувьд Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу барилгыг эрсдлээр нь ангилж, ангилал бүрт нь ялгавартай шаардлага нөхцөл тавьсан. Барилга байгууламж бүр нийгэм, ахуй, эдийн засаг, байгаль орчинд яг адил эрсдэл үзүүлдэггүй. Эмнэлгийн барилга болон хоёр давхар агуулахын байгууламж хоёрыг харьцуулаад үзэхэд  л тодорхой байдаг шүү дээ. Энгийн болон нарийн төвөгтэй барилгад тавигдах шаардлага гэхэд л тэс өөр болоод явчихна.
Манай орон 2014 оны тайлангаар дэлхийн орнуудаас 107 дугаар байрт бичигдээд байгаа. Өмнөх жилээсээ 25 байраар шат ахисан гэсэн үг. Энэ мэтээр бидний барилгын зөвшөөрөл олгох үзүүлэлт жилээс жилд урагш ахиж яваа нь олзуурхууштай хэрэг юм. Бидэнтэй адил нэг цэгийн үйлчилгээг эхлүүлсэн, сайжруулсан талаараа Бурунди, Гватмел, Малайз улс зэрэгцэн яваа юм байна. Нийслэлээс ирэх онд барилгын зөвшөөрөл олгох шинэчлэлдээ шаардлагагүй шат дамжлагыг хасах, нэг цэгийг үйлчилгээг улам жигдрүүлэх нь чухал төдийгүй барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах нь ус, агаар мэт хэрэгтэйг онцлоод байгаа. Ингэж гэмээ нь бид дээр дурдсан 107 дугаар байрнаасаа урагш ахиж хоёр оронтой тоо руу орно. Монголын барилгын салбар ч хөгжинө. Иргэд ч сэтгэл хангалуун алхах болно оо.
Б.ХАНГАРЬД