П.Цагаан: Утаатай тэмцэхэд таны оролцоо чухал

2013-12-03 00:00:00
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхийлөгчөөс “Агаарын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьлаа. Энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд танаас хэдэн зүйл тодруулая?

Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа гол санаа нь Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд бус Засгийн газрын бүтцэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

-Шилжүүлэх болсон шалтгаанаа тодруулж болох уу?

Үндэсний хороог анх байгуулахдаа цаг үеийн тулгамдсан шаардлага, ач холбогдол зэргийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулж байсан. Утаатай тэмцэх асуудлыг хэдхэн жилийн өмнө хэн ч, ямар ч дарга нь халгаад барьж авч чаддаггүй, ярихаас цаашгүй байсан шүү дээ. Үнэнийг хэлэхэд тухайн үеийн Засгийн газар хүртэл халгаад барьж авч чаддаггүй байсан асуудлыг Ерөнхийлөгч улс төрийн эрсдэл хүлээж барьж авсан. Тэр нь ч оносон. Тухайн үед энэ асуудлыг Ерөнхийлөгч барьж аваагүй байсан бол өнөөдөр нийслэлийн утаа ямар байх байсныг төсөөлөхөд ч бэрх санагддаг.  Үндэсний хороо байгуулагдсанаас хойш төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд, төсөл, хөтөлбөрүүдийн хоорондын уялдааг зохицуулах, үйл ажиллагаагааг тасралтгүй шуурхай зохион байгуулах, төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлыг хэрэгжүүлсний үр дүнд энэ талаар төрийн багууллагууд тодорхой хэмжээнд анхаарч, ажил хэрэгч ханддаг болсон. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, бүтэц зохион байгуулалтыг бий болгосон, холбогдох дүрэм, журам, стандартуудыг батлуулсан, утааг бууруулахтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, мэргэжлийн албадын үйл ажиллагааг удирдан чиглүүлж ирсэнтэй яах ч аргагүй холбоотой.

Мөн Үндэсний хороо нь мэргэжлийн албан хаагчдаас бүрдсэн Ажлын албатай болж, үйл ажиллагаа нь хэвшин цаашид тогтвортой ажиллах боломжтой болсон байна. Манай хорооны бүрэлдэхүүнд 70 хувь нь Засгийн газрын байгууллагын төлөөлөл багтдаг бөгөөд Үндэсний хорооны тогтоол, үүрэг даалгавар биелүүлэх ажиллагааг биечлэн гүйцэтгэх ажлыг хэдэн хэдэн яамд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлдэг. Нөгөө талаас Улсаас хөрөнгө мөнгө төсөвлөн зарцуулах ажлыг Засгийн газрын харьяа яамдууд хэрэгжүүлж байдаг, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүд нь мөн л адил. Тэр байтугай гол санхүүжүүлэгч “Цэвэр агаар” сан хүртэл Засгийн газрын тусгай сан байдаг утгаараа энэ шийдэл зөв байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо дэмжлэг үзүүлж уяалдуулахаас биш нэг ч төслийг шалгаруулж, санхүүжүүлж мөнгөн гүйлгээнд оролцдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Үндэсний хороо байгуулагдaaд хоёр жил гаруй боллоо гэж та хэллээ. Энэ хугацаанд юу юу хийж амжуулав?

Дээр хэлсэнчлэн өнгөрсөн хугацаанд бид бүтэц зохион байгуулалтыг бий болгож, тухайлбал бүх яамдууд дээр ажлын хэсэг байгуулж, төвийн 6 дүүрэгт Засаг даргаар ахлуулсан Үндэсний хорооны салбар хороог байгуулан дүүрэг, хороо, хэсэг бүрт тулж ажиллах 684 хэсгийн ахлагчийг утааны асуудалд дайчлан ажиллуулж, урамшуулал олгож байна. Олон арван жилийн турш замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй барилга байгууламж, хүн амын шилжилт хөдөлгөөн зэргээс улбаалж агаарын бохирдол ихэссэн нь үнэн. Тиймдээ ч эхний ээлжинд гол бохирдуулагч эх үүсвэр болсон гэр хороололруу чиглэсэн арга хэмжээнүүдийг түлхүү хэрэгжүүлж эхэлсэн. “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг тогтоож, бүсэд мөрдөх журам, дүрмийг боловсруулж айл өрхүүдэд боловсруулсан түлш, цахилгаан халаагуур болон сайжруулсан зуух зэргийг татаастай үнээр худалдан борлуулж байна. Яг үнэндээ 2018 онд гэр хорооллыг зуухаар бүрэн хангахаар төлөвлөж байсныг 2014 онд багтаан дуусгах боломжтой боллоо. Энэ нь агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг бүтэн жилийн турш тасралтгүй зохион байгуулж зөвхөн төрийн байгууллагууд бус аж ахуйн нэгж, албан байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагуудын хоорондын нягт уялдаатай хэрэгждэг болсонтой холбоотой. Орон сууцжуулах, барилгажуулах замаар дээрх асуудлыг шийдэх нь зөв боловч хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай. Зуух бол түр зуурын шилжилтийн үед авч байгаа шуурхай арга хэмжээ болохоос утаагүй болгох төгс шийдэл биш. Бид шинэ суурьшлын бүс байгуулж, дэд бүтэц, орон сууцны хангамжийг нэмэгдүүлж байж утаанаас нэг мөр сална. Тэр хүртэл бид утаатай тэмцсээр л байх болно. Иймд Үндэсний хороо хүн амын эрүүл мэндэд ноцтой заналхийлээд байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллаж байна. Зөвхөн зуух түлшний асуудал ч биш, бид инженерийн дэд бүтцийг өргөтгөх, цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, авто замын сүлжээг сайжруулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж тодорхой хөрөнгө мөнгө шийдүүлэн чухал ач холбогдол бүхий төслийг хэрэгжүүлээд явж байна. Сүүлийн жилүүдэд зарим аймгийн төв, хотуудад агаарын бохирдлын хэмжээ жилээс жилд тасралтгүй өсч байна шүү дээ. Энэ асуудлыг ч орхигдуулалгүй анхааралдаа аван ажиллаж байна.

-Зарим хүмүүс утаа багассан эсвэл арилахгүй байна гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна бэ?

-Ерөнхийлөгч “Утаатай өвөл ч, зун ч  тэмцэе” гэж хэлснийг та бүхэн санаж байгаа байх. Үндэсний хороо жилийн дөрвөн улирлын алинд ч ажил цалгардуулахгүйгээр төлөвлөгөөний дагуу тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа. Бидний төлөвлөсөн ажлуудын хүрээнд хийгдэж байгаа Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх, хог боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байна, үр дүн нь хараахан гараагүй боловч гэр хороолол руу чиглэсэн ажлын үр дүнд агаар дахь хортой бодисын агууламж 29 хүртэл хувиар буурсан дүн гарч байгаа. Энэ нь мэргэжлийн албадын шинжилгээний дүн шүү. Нөгөө алдартай ТЭЦ-2-ийн ажил ургаштай бүтсэн бол ёстой л мэдэгдэх хэмжээнд буурах байлаа. Тэгээд ч олон жилийн алдааг засахад их ч хугацаа, хөрөнгө зарах нь дамжиггүй.

-Үндэсний хороог  зөвхөн Засгийн газрын бүтцэд шилжүүлснээр илүү үр дүнд хүрэх болов уу? Цаашид улам сайжирч, тогтвортой ажиллах боломжтой юу?

-Үндсэн чиг үүрэгт нь байгаа агаарын бохирдлыг бууруулах бодлогыг зохицуулж,  хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллагын хувьд Үндэсний хороог Засгийн газрын бүтцэд шилжүүлснээр ажил улам урагшлах, сайжрах боломжтой.  Ер нь бүх бүтээн байгуулалтын ажил агаарын бохирдлыг бууруулахад томоохон ач холбогдолтой байдаг. Иймээс дулаан, цахилгааны эх үүсвэрүүдийг барих, шугам сүлжээг өргөтгөх, дэд бүтцийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, замын гүүрэн гарц, тойрог хурдны замуудыг байгуулах, метро барих, хотыг задлах, оюутны хотхон байгуулах зэрэг дунд болон урт хугацаанд хэрэгжих бүтээн байгуулалтуудыг энэ шинэчлэлийн Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр Засгийн газарт шилжсэнээрээ Ерөнхийлөгчийн зүгээс анхаарлаа хандуулахаа больж байнаа гэж ойлгож болохгүй. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, бүтэц зохион байгуулалтыг бий болгож тодорхой үр дүнд ч хүрлээ, цаашид тогтвортой ажиллах боломжтой болсон байна. Иймд эрүүл мэнд, эдийн засаг, нийгэм, экологийн хүрээг бүхэлд нь хамарсан энэ асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс үргэлж анхааран ажиллах болно гэдгийг хэлмээр байна.

-Цаг үеийн асуудлаар ярилцаж, санал бодлоо хуваалцсанд танд баярлалаа. Сүүлийн үгийг танд үлдээе.

-“Монгол Улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хүлээнэ” гэж Үндсэн хуульд заасан байдаг. Ерөнхий сайд агаарын чанарыг сайжруулах талаар үргэлж анхаарч ирсэн, цаашдаа ч их зүйлийг хийж ард иргэдийнхээ эрүүл орчинд тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө илүү ихийг хийнэ гэдэгт итгэж байна. Иргэдийн оролцоонд түшиглэвэл илүү үр дүнд хүрэх болов уу. Утааны асуудалтай бүх нийтээрээ тэмцэж, оролцож байж бид үр дүнд хүрч чадна. Таны оролцоо ч утаатай тэмцэхэд хэрэгтэй байх болов уу.

Б.БАТ