Аав, ээжүүд сургуулийн орчинд эргүүл хийж байна

2013-11-25 00:00:00
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2 жилийн хугацаанд хэрэгжих төслийн дагуу өөрийн хүүхдийн суралцдаг сургуулийн орчимд аав ээжүүд нь сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу 07.30-13.30, 13.30-19.00 гэсэн 2 ээлжээр эргүүл хийж байна. Чингэлтэй дүүргийн 23-р бүрэн дунд сургууль дээр гэхэд хуваарийн дагуу аав, ээжүүд ажлаасаа хагас өдрийн чөлөө аван эргүүлд гарч байна.  Тэд "Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын баталсан журмын дагуу хүүхдүүдийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, халдлагад өртөхөөс болгоомжлох, ойролцоох замын хөдөлгөөнд оролцоход анхаарч ажиллаж байгаа" гэлээ. Эдгээр аав, ээжүүдэд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор зохицуулалт хийсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.