Боловсролын хоцрогдлыг арилгаж, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе

2021-09-01 12:25:54

Эрхэм хүндэт БАГШ, ОЮУТАН, СУРАГЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ

Та бүхэндээ улс орон даяар төдийгүй дэлхий нийтээр хөл хөөр болж, сурах их үйлсийн гэгээн мөрийг анхлан зурдаг есдүгээр сарын 1-ний өдрийн баярын мэнд хүргэе.

Жил бүрийн есдүгээр сарын нэгэн Та бидний хувьд эрдэм номыг дээдлэн хүндэтгэх их баяр, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхныг хүсэн ерөөдөг баяр талархлын өдөр юм.

Иймд эрдэм номын гэгээн үйлийг сурган хүмүүжүүлж буй эрхэм хүндэт багш нартаа болон ирээдүйн амьдралынхаа чиг мөрийг суралцан зурж буй оюутан залуус, сурах эрдмийн анхны эхлэл А үсгээ зурж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн суугаа бяцхан сурагчдадаа, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хичээн зүтгэж, эрүүл мэндийг нь асрамжлан халамжилж суугаа эцэг эхчүүддээ есдүгээр сарын 1-ний өдрийн халуун баярын хүргэе.

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын хүнд үед үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө сэтгэлээ хатамжилж, суралцах хүсэл мөрөөдөл, сурах үйл хэргийг дэмжиж буй ЭЦЭГ ЭХЧҮҮД болон эрсдэл, бэрхшээлийг тэвчин хүлцэж, сурган хүмүүжүүлэх их үйл хэргийнхээ манаанд үнэнчээр зогсоо БАГШ ТАНД талархал илэрхийлье.

Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны наймдугаар сарын 31-ний байдлаар вакцинжуулалтын нэгдүгээр тунд хүн амын 74.1 хувь, хоёрдугаар тунд 69.4 хувь нь хамрагдсан ч энэ нь сэтгэл амарч, эрсдэл буурна гэсэн үг биш юм. Иймд нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, сургууль, их сургуулийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сайн мөрдөж, суралцах стандартыг мөрдүүлж ажиллахаа илэрхийлье.

Хүүхэд багачуудын боловсролын хоцрогдлыг арилгаж, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе.

Эрдэм номын зам мөр гэгээн дардан байг ээ!

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР