Халдвар аваад эдгэсэн иргэд гурав дахь тун хийлгэх шаардлагагүй

2021-08-31 17:35:36

Коронавирусийн эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэлсэн. Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулж байна.

Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн Спорт хорооны байранд байрлах дархлаажуулалтын цэг зорилтот бүлгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамруулж байв. Өглөөний 09:00 цагаас эхлээд иргэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Э.Оюунбилэг “Ковидын халдвар аваад эдгэсэн иргэдэд гурав дахь тунгийн вакцин хийхгүй байгаа. Харин шаардлага хангасан иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна. Чингэлтэй дүүргийн иргэдээс гадна бусад дүүргийн иргэд ч мөн энэ цэг дээр ирээд нэмэлт тунгаа хийлгэх боломжтой” гэлээ. 

Эхний хоёр тундаа хятад вакцин хийлгэсэн иргэдийн олонх нь гурав дахь тундаа Файзер хийлгэх хүсэлтэй байв. Тиймээс иргэдийн сонголтоор вакцины нэмэлт тунг хийж байгааг эмнэлгийн ажилтнууд хэлж байсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС