Б.Одсүрэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

2021-08-31 16:28:51

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх шийдлүүдийг танилцуулсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хотын түгжрэл бүсчлэлийн шинжтэй. Хотын төв рүү ордог гол зам түгжрэл ихтэй байдаг. Мөн улирлаас хамаарч түгжирдэг. Нэг, наймдугаар сар түгжрэлийн оргил үе. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарсан түгжрэл 23-28 хувийг эзэлдэг. Улаанбаатарын хамран сургах тойргийн хүрээнд 64 сургууль, 65 цэцэрлэг дутагдалтай байгаагаас 110 мянган хүүхэд 53 мянган тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна. Үүнийг шийдэхээр БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотыг 2028 оноос зүүн хүрдтэй тээврийн хэрэгсэлд 100 хувь шилжүүлэхээр танилцуулсан. Мөн 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай импортын машины татварыг нэмэх санал орууллаа. Улаанбаатар хотод 652 мянган автомашин бүртгэлтэй байна. Тяньжиний боомтод 4000 контейнер байгаагаас 60 хувь нь Улаанбаатар хотод орж ирэх хуучин автомашин байна.

Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан бол хэт төвлөрөл. Их тойрууд ихэнх ажлын байр байрладаг. Ажилдаа ирдэг хөдөлгөөн нийт түгжрэлийн 52 хувийг эзэлдэг. Иймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийг уртасгаж, 05:30-00:00 цаг болгох санал танилцууллаа. Мөн гол замуудаа өргөтгөх, шинээр сүлжээ торлолоо нэмэх, зургаан нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил бий. 32 уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, зургаан уулзварыг хоёр түвшинд оруулах гэх мэт замтай холбоотой ажлуудын зураг төсөл үргэлжилж байна.

Хуралд богино хугацаанд түгжрэлийг бууруулах 15 багц арга хэмжээг танилцуулсан. Тодруулбал, нийт тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээнд шилжүүлнэ. Үүнээс үүдэн тээврийн хэрэгслийн зорчилт, төлбөр, тооцоо цахимжихаас гадна хүнд суртал арилна. Мөн дугаарын хязгаарлалтын хэрэгжилт хангалтгүй гэсэн судалгаа гарсан. Тухайн өдөр явах ёсгүй машины 60-70 хувь нь хөдөлгөөнд оролцож байгаа судалгаа бий. Иймээс үүний хэрэгжилтийг хангуулахад анхаарна. Түүнчлэн үзлэгт ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй уриалга гаргаж, хэрэгжилтийг хангах ажлууд үргэлжилж байгаа. Замын хөдөлгөөнд саад болж байгаа зөрчлийг “E police” аппликэйшнээр дамжуулж, иргэдтэй хамтран замын хөдөлгөөний соёл, дүрэм журмыг хэрэгжүүлэх санаачилга гарсан. Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд шилжүүлэх, байгууллагуудыг уян хатан цагийн хуваарьт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх гэх мэт 15 бүлэг арга хэмжээг танилцуулж, нарийвчилсан тооцоо, судалгааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо” хэмээн ярилаа.

Энэ үеэр тэрбээр мөн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг хэдий хугацаанд хийх вэ?

-Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь үндсэндээ код байна. Тухайн кодыг салхины шилэндээ нааж, төлбөр тооцоо, уулзваруудаар нэвтэрч байгаа бүртгэл хийгдэнэ. Энэ бүхэнд тодорхой хугацаа хэрэгтэй. Гэхдээ нэг жилийн дотор үүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Зүүн хүрдтэй машиныг хэрэглээнд нэвтрүүлэх эсэх эцсийн шийдвэр хэзээ гарах вэ?

-Эцсийн шийдвэр удахгүй гарах байх. Бид шаардлагатай тооцоо, судалгааг гаргасан.

-Замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр, тусгай үүргийн автомашин зорчих, бусад тээврийн хэрэгслийг зорчуулахгүй гэх хувилбар байгаа юу. Ийм боломж бий юү. Иргэдэд нийтийн тээврээр зорчих сонголтыг бий болгох хэрэгтэй. Хүмүүсийн машин барих сонирхлыг дэмжсэн, нэмэгдүүлсэн бодлого бариад байгаа харагддаг?

-Өнөөдрийн байдлаар хувийн автомашины хэрэглээ 60 хувьтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд зургаан эгнээтэй зам ховор. Бусад дөрвөн эгнээтэй зам дээр нэгдүгээр эгнээг чөлөөлөх боломжгүй байдаг. Ганц Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээг чөлөөлөх байдлаар нийтийн тээврийг 100 хувь хөгжүүлэх боломж хомс. Цаашид гол замуудыг дөрөв биш, зургаан эгнээтэй барьж, нийтийн тээврээ хөгжүүлэх урт хугацааны бодлого барьж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС