10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусна

2021-08-27 20:23:39

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Аравдугаар хороолол хэсэгт 820 метр хос дулааны шугамыг шинэчлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 380 метр шугам сүлжээг угсарч, тохижилтын ажил хийгээд байна. Ингэснээр нийт 37 байрны 3250 айл өрх, 17 аж ахуйн нэгж хэрэглээний халуун усаар хангагдаж байгаа юм.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Батбаяр “Бид есдүгээр сарын 5 гэхэд шугам хоолойн угсралтын ажлыг, есдүгээр сарын 10-ны өдөр туршилтын ажлыг дуусган, нэгдүгээр хорооллын 17 орчим орон сууцны өрхүүдийг халуун усаар хангахаар ажиллаж байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байрлах шугам сүлжээнд өнгөрсөн өвөл таван удаа гэмтэл гарсан. Энэ хэсгийг бид наймдугаар сарын 25-нд засварлаж дууссан. Хил гаалиас шалтгаалан шугам хоолойн тээвэрлэлтэд хугацаа алдсан тал бий. Энэ асуудалд Хотын дарга, Эрчим хүчний яамны удирдлагууд анхаарал хандуулсны хүчинд бараа материалуудаа авсан. Одоо бүх шугам сүлжээ ирээд байна. Ингэснээр төлөвлөсөн хугацаандаа иргэдийг халуун усаар хангах боломжтой боллоо” гэсэн юм.

Шугам сүлжээний дулаалга, сувгийн битүүмжлэл, мөн нөхөн сэргээлтийн ажлыг аравдугаар сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.    

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС