“City Agencies Ignite talk” арга хэмжээг зохион байгууллаа

2021-07-07 19:07:07

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дунд “City Agencies Ignite talk” арга хэмжээг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хэрэгжүүлэгч агентлагуудын үндсэн чиг үүрэг, байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах болон байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой. Мөн энэ үеэр агентлагууд хийж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх талаар хэрхэн ажиллаж буйгаа танилцууллаа.

Арга хэмжээнд нийт 27 агентлагийн дарга, удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцсон бөгөөд үндсэн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээний хувьд агентлаг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой.

Ignite Talk нь уламжлалт илтгэлүүдээс ялгаатай нь илүү богино хугацаанд, сонирхолтой байдлаар сонсогчдод хүрдэг илтгэлийн формат юм. Шууд дамжуулалтыг Нийслэлийн мэдээ болон HUB Innovation Center  фэйсбүүк хуудаснаас үзэх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР