Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

2021-06-05 15:47:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Гэр хорооллын 226 мянган өрхийг орон сууцны төлөвлөлтөд хамруулах ажил эрчимтэй явж байна. Төсөв, санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаас болж Улаанбаатар хотод сүүлийн 30 жилд хуримтлагдсан, шийдэж чадаагүй олон ажил бий. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын төлөвлөлтийг шинэчлэх, хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт төвийн зургаан дүүргээр явж, бүтээн байгуулалт хийх хэд хэдэн байршилтай танилцлаа. Бодит байдалтай газар дээр нь очиж танилцана гэдэг бол хамгийн сайн үр дүн байдаг. Яагаад гэвэл оновчтой, зөв шийдвэр гаргана. Үүнээс үүдэн дараагийн хөрөнгө оруулалтын ажлууд шуурхай явдаг.

Баянгол дүүрэгт хэсэгчилсэн инженерийн байгууламжаар гэр хорооллыг барилгажуулах ажил хэд хэдэн байршилд хэрэгжиж байна. Цаашлаад гэр хорооллыг барилгажуулахад иргэдийн оролцоо чухал. Хамгийн гол нь иргэдтэйгээ ойлголцож, хамтарч ажиллах шаардлагатай байгаа.

Сүүлийн 30 жилд хуримтлагдаж ирсэн хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар, УИХ-ын түвшинд дэмжиж, оновчтой шийдвэр гаргасан. Мөн нэгдмэл зохион байгуулалтад ороод ажиллаж эхлэхээр гаднын хөрөнгө оруулагч нар Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байна. Яриа, хэлэлцээр эхэлсэн. Засгийн газрын хуралдаанд хийж байгаа ажлаа үе шаттай танилцуулна. Гандан хийдийг өв соёл дээр суурилсан соёлын аялал жуулчлалын байдлаар хөгжүүлнэ. 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийж, улс, нийслэл, бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтыг шийднэ. Үүнийг Засгийн газрын хуралдаанд 14 хоногийн дотор танилцуулахаар боллоо.

Инженерийн шугам сүлжээг өргөтгөж, газар доорх байгууламжаа зохион байгуулбал Улаанбаатар ирээдүйд зөв төлөвлөлттэй хот болох суурь тавигдана. Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотыг түүхэндээ анх удаа бодлого, санхүү, эрх зүйгээр нь дэмжиж байгаад талархаж байна. 1.5 сая иргэний эрх ашгийн төлөө УИХ, Засгийн газар маш сайн бодлогын дэмжлэг үзүүлж байгаа. Хотын даргын хувьд гэр хорооллын айл өрхөөрөө байнга явж, санал бодлыг нь сонсоно” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС