Зориулалтын дагуу ашигладаггүй газрын асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо

2021-04-28 19:45:41

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хомланд” хотхоны баруун талд хашаалаад ашигладаггүй, хог дүүрсэн, мөн зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр газар байдаг. Хашаа нь эвдэрч, унасан тус газарт аль 2013 онд доороо гарааштай хүүхдийн тоглоомын талбай барих зөвшөөрөл олгосон ч өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй байна. Мөн оршин суугчид зай, талбай байхгүй учир хогийн цэгээ машины замын нэг урсгалыг хаан байрлуулжээ. Иймээс  тэр хавийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хаяглаж, гомдол ирүүлсэн. Энэ  дагуу өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар газар дээр нь очиж, ажиллалаа.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Энэ газарт өмнө нь Зүүн сэлбийн гэр хороолол байсан. 2009 оноос гэр хорооллыг барилгажуулж, орон сууцны хороолол барьж эхэлсэн юм. Тус хоёр газрын нэг дээр зөвшөөрөлгүй барилга барьсан, нөгөө нь доороо гарааштай, хүүхдийн тоглоомын талбайн зураг төсөл батлуулсан ч зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Иргэд энэ газрыг олон жилийн өмнөөс амины хэрэгцээний зориулалтаар ашиглаж ирсэн. Энд барьсан барилгуудын газар бүгд хувьчлагдсан. Энэ хоёр газар хоёр иргэнд 2006, 2008 онд өмчлөгдсөн. Өмчилсөн газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар болон төлөвлөлтийн дагуу ашиглах ёстой” хэмээсэн юм.

Албаныхан газар дээр нь ажиллаж,  энэ асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан тоот хүргүүлж, дүгнэлт гаргуулан, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, танилцуулахаар боллоо.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Улаанбаатар хотод орчны аюулгүй байдал алдагдсан газар олон байна. Бид эхний ээлжид барилгын орчинд аюулгүй байдлыг хангуулж, хашааг солиулж, стандарт, норм, дүрмийн дагуу болгож байгаа. Энэ газарт барилга барих боломжгүй. Бид хоёр удаа шаардлага хүргүүлсэн. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар ч шаардлага хүргүүлсэн байдаг” гэлээ.

Түүнчлэн удаа дараа шаардлага тавиад хэрэгжүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авахыг албаныхан  онцолж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС