Л.Долгормаа: Экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнд 35 байцаагч хяналт, шалгалт хийдэг

2021-04-22 16:05:53

Коронавирусийн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, алба хаагчид Засгийн газар, Онцгой комиссоос гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Л.Долгормаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-НМХГ-аас ачаа тээвэрт хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Алтанбулаг боомтоос “Ти Ай Ложистик”, “Интердесижн” дэх гаалийн хяналтын талбайд ирсэн ачаа тээврийн автомашинуудыг тэр даруйд нь халдваргүйжүүлж, жолооч болон ачаа бараа, албан хаагчдад халдвар, хамгааллын дэглэм хэрхэн мөрдөх заавар, зөвлөмж өгч, байнгын хяналт тавин, шалгалт хийж байна. НМХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн 35 улсын байцаагч ОХУ, Европын холбооны орнуудаас ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд халдвар, хамгааллын дэглэмийг сахиулж, хяналт, шалгалт хийдэг. 2020 оны гуравдугаар сараас эхлэн гаалийн хяналтын нийт гурван талбайд том оврын авто тээврийн машиныг хүлээн авсан. Одоогоор гаалийн хяналтын хоёр талбай ажиллаж байна. Нийт 5000 гаруй тээврийн хэрэгслийг хүлээн авсан. Импортын бараа бүтээгдэхүүнээс гадна Монгол Улсаас гарч байгаа экспортын бараа бүтээгдэхүүнд чиглэл бүрээр хяналт тавьдаг. Эрүүл ахуй, хүнсний чанар, мал эмнэлэг, ургамал, хорио цээр, химийн бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл гэсэн чиглэлүүдээр хяналтыг өдөр тутам хийн ажиллаж байна. Өнөөдөр “Ти Ай Ложистик”, “Интердесижн” гаалийн хяналтын талбайд том оврын 11 тээврийн хэрэгсэл бараа, бүтээгдэхүүний сэлгэн ачилт хийхэд бэлэн болсон. 2021 оны хоёрдугаар сараас эхлэн Алтанбулаг хилийн боомт дээрээс толгойн сэлгэн ачилтыг хийж ажилласан. Тээврийн хэрэгслийн чиргүүлд Монголын талд давхар халдвар, хамгааллыг хийж байна. Өвлийн болон зуны нөхцөлд халдвар, хамгааллыг чанартай хийхийн тулд “Ти Ай Ложистик”, “Интердесижн” дэх гаалийн хяналтын талбайд ариутгалын аппарат байршуулсан. Энд кварцийн гэрэл, ариутгалын бодисоор халдвар, хамгааллыг хийж байгаа юм.

-Бараа, бүтээгдэхүүнд хяналтыг хэрхэн хийдэг вэ?

-Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйл ажиллагааг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрч байгаа бараа, бүтээгдэхүүнийг хяналт, шалгалтад бүрэн хамруулж, импортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортлогч талын гэрчилгээнд заасан мэдээлэлтэй тулгаж, хянан ажиллаж байна. Хүнс болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснээр хяналт, шалгалт хийж, дараагийн дамжлагад шилжин, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээнд бүтээгдэхүүний дээжийг хамруулдаг.

-Ариутгал, халдваргүйтгэлийг хэдэн байгууллага хийдэг вэ?

-Онцгой нөхцөл байдал үүссэн энэ цаг үед Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд 397 хонож байна. Том оврын 5016 автомашинд ариутгал, халдваргүйтгэл хийн, 5218 жолоочид тандалт, судалгаа явуулж, 294 жолоочийг тусгаарлалтын байранд шилжүүлсэн. Хилээр нэвтэрч байгаа импортын бараа бүтээгдэхүүн, том оврын автомашинд “Түвшинбилэгт”, “Төгөлдөр”, “Хунт хайрхан” ХХК-иар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж, жолоочийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарч, шар болон улаан зурваст ажиллаж байгаа улсын байцаагч, ажилтныг чанарын шаардлага хангасан хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгалын бодисоор хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байна.   

Бид иргэддээ эрүүл, аюулгүй, халдвар хамгааллын дэглэм баримталсан бүтээгдэхүүн хүргэхээр ажиллаж байгаа. Иргэд та бүхэн ч мөн халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, цар тахлыг хамтдаа даван гарцгаая.    

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС