Ж.Пүрэвжамц: Өнөөдөр ЕБС-иудад “Зөв зохистой усны хэрэглээ” ЦАХИМ ХИЧЭЭЛ орно

2021-03-22 12:21:40

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай. Тэгвэл уг өдөрт зориулан ОСНААУГ нь ЕБС-иудад цахим хичээл орох аж.

ОСНААУГ-ын Инженерийн бодлого, хяналтын хэлтсий дарга Ж.Пүрэвжамц:

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан манай байгууллага БХБЯ, БХТ-тэй хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг жил бүр зохион байгуулдаг байсан бол энэ жил цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ЕБС-ийн сурагчдад усны хэрэглээтэй холбоотой цахим хичээлийг заахаар болсон. Монгол улсын хувьд усны нөөцөөрөө дэлхийн 144 улсаас 22 дугаарт жагсдаг, гүний усыг маш ихээр хэрэглэдэг ард түмэн. Тэгэхээр бидний хувьд усны зөв, зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх нь маш чухал. Монгол улсын Засгийн газар, Мянганы сорилтын сантай хамтран саарал усны хэрэглээг нэвтрүүлэх төслийн ажлыг эхлүүлээд байгаа.

ОСНААУГ нь 2020 онд 5,4 тэрбум төгрөгийн их урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд 5,7 тэрбум төгрөгийн урсгал засварыг хийхээр төлөвлөөд байна. Үүний 1,7 тэрбум төгрөгийг инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлд зарцуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 4200 нийтийн орон сууц байдаг бөгөөд үүний 50 хувийн манай байгууллага дангаараа хариуцан ажиллаж, 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөрөө дамжуулан дуудлага хүлээн авч, мэдээлэл зөвлөгөө өгөх, иргэдэд хүрч үйлчлэх ажлыг хийж хэрэгжүүлж байна.

ОСНААУГ-ын Ус хангамжийн инженер Ч. Доржпүрэв:

ОСНААУГ нь гурван түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь байрны дотор шугам сүлжээг хариуцаж ажилладаг бол түгээх төв нь гаднах шугам сүлжээ, том чадлын ус дулаан дамжуулах төвийн горим тохируулга, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Мөн халуун усны 230 км шугам, хүйтэн усны 160 км, ариутгах татуургын 213 км шугам буюу нийт 899,5 км шугам сүлжээг хариуцан ажиллаж байна. ОСНААУГ нь Ус сувгийн удирдах газраас жилдээ 17-18 сая.метр.куб усыг худалдаж авдаг. Тэгтэл жилд Улаанбаатар хотын зөвхөн орон сууцны иргэд 500-1000 өсч байдаг. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өсөх ёстой. Харин бидний хувьд сүүлийн жилүүдэд давтамж хувиргагч, даралт бууруулах хаалт, горимын тохируулга хийх гэх мэт олон шинэ технологийг нэвтрүүлснээр УСУГ-аас худалдаж авах усны хэмжээгээ тогтмол барьж байна. Үүнээс гадна ард иргэдийн усаа хайрлан хамгаалах ёс суртахуун нь улам л нэмэгдэж байгаа тул цэвэр усаа ариг гамтай хэрэглэх, шүдээ угаахдаа усаа хаах, почкинд биет зүйл байрлуулах, мэдрэгчтэй ус цацруулагч хэрэглэх, бага хэмнэлттэй цацардаг шүршүүр гэх мэт энгийн мэт боловч маш их усыг хэмнэх зуршлыг дадал болгох нь элбэг болжээ. Энэ дадал зуршлыг олон олон хүмүүс амьдралын зуршилдаа нэвтрүүлээсэй хэмээн хүсч байна.

Монгол Улсын хувьд цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг аж. Бид хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг тул газрын гүн дэх усны нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилж байж сэргээгддэг байна.