Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хэрхэн авах вэ?

2013-09-11 00:00:00
Нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор НЗДТГ, Цэвэр агаар сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл хамтран энэ жил 45 мянга орчим эрчим хүний хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгохоор болжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зуух худалдан авч амжаагүй иргэд болон Багахангай, Налайх дүүргийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр зуух авах боломж нээгдэх юм байна. Энэ талаарх мэдээллийг хүргэе. 
 
Хөнгөлөлттэй үнээр хэрхэн зуух худалдан авах вэ? 
Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших лабораториор 15 төрлийн зуухыг туршилтад оруулж, шалгаснаас “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн “Өлзий” зуух, “Роял Өүшн” ХХК-ны “Том дөл” зуух, “Элмеко” ХХК-ийн “Талст”, “Их тэнгэрийн хүч” ХХК-ийн “BEKAS-107” зэрэг дөрвөн бүрэн шаталттай зуух шалгарсан байна. Айл өрхүүд дээрхи дөрвөн зуухнаас сонголтоо хийж худалдан авах боломжтой аж.
Хөнгөлөлттэй зуух худалдан авахыг хүссэн иргэд нь оршин суугаа хороондоо бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй, өмнө нь төсөл хөтөлбөрөөс утаагүй зуух худалдан авч байгаагүй байх шаардлагатай юм байна. Хэрэв дээрхи шаардлагыг хангаж байвал оршин суугаа хороондоо хандан, зуухны төлбөрийг ойролцоох “ХАС” банкны салбарт тушааснаар зуухыг худалдан авах боломж бүрдэх аж. Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг энэ сарын 15-наас ирэх 2014 оны тавдугаар сарыг дуустал худалдаална. Дээрхи дөрвөн төрлийн зуух нь зах зээлийн бодит үнэлгээгээр 370 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд төслийн хүрээнд зуухыг 29-36 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой гэдгийг төслийг удирдагчид мэдээлж байгаа юм.
 
Зуухыг дамлаж бизнес хийх ямар ч боломжгүй 
Өвлийн улирал дөхөөд ирэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зарын сонингуудад “Утаагүй зуух байнга, хямд худалдаална” гэх зар нийтлэгдэж, иргэд ч худалдан авах сонирхол ихтэй байдаг гэлцдэг. Энэ талаар төслийн багийнхнаас тодруулахад “Эрчим хүчний хэмнэлттэй зуух тусгай кодтой байгаа. Тус кодоор хэн зуухыг дамлаж, хэн нэгэнд худалдсаныг шууд мэдэх боломжтой юм. Хэрвээ дамлаж, зүй бусаар ашигласан нь тогтоогдвол хүлээлгэх хариуцлагын талаар НЗДТГ-т яригдаж байгаа” гэв.
15 сая ам.доллар төсөвлөжээ
Нийслэлийг утаагүй болгоход энэ жилдээ Дэлхийн банктай хамтран “Улсын нийслэлдээ утаагүй амьдарцгаая” гэсэн уриатайгаар төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж эхэлжээ. “Улаанбаатар хотын хэмжээнд 200 мянга гаруй гэр хорооллын өрх байдаг гэсэн албан бус тооцоо судалгаа байдаг. 2011 оноос хэрэгжсэн утааг бууруулах төслийн хүрээнд үндсэн дөрвөн төрлийн эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Нийтдээ 120 мянган орчим өрхөд нийлүүлсэн гэсэн тооцоо судалгаа байгаа. 2013-2014 оны хооронд үлдсэн 45 мянган өрхөд хөнгөлөлттэй үнээр зуух нийлүүлэх бөгөөд энэ онд энэхүү төсөл дуусч нийт гэр хорооллын иргэдийг 100 хувь хангахаар ажиллаж байна. Бидний тооцоолсноор нийслэлийн бүх гэр хорооллын айлуудыг эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангаж чадвал хорт утааг 50-80 хүртэлх хувиар бууруулж чадна. Энэ жилийн тухайд нийт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч байгаа” гэж  Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ярьсан юм.