Сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 удирдах албан тушаалтныг томилно

2013-09-06 00:00:00
Нийслэлийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог төрийн албан хаагчдаас албан тушаал дэвшүүлэх замаар нөхөхөөр ирүүлсэн нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэн, дүгнэлт гаргах тухай” асуудлыг хэлэлцсэн юм. Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14.а-д заасны дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан. Уг сонгон шалгаруулалт явуулсан комиссын дүнг Салбар зөвлөл хэлэлцэн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар тогтоол гаргалаа. Уг тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр бүхий 22 ажилтныг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэж, эдгээр албан хаагчдыг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, холбогдох байгууллагуудын томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Төрийн албаны нийслэл дэх салбар зөвлөлөөс мэдээллээ.