Беларусь улсын цахилгаан тээврийн салбартай хамтран ажиллана

2013-09-05 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Беларусь улсын Тээврийн холбооны сайд Сивак  Анатолий болон Аж үйлдвэрийн орлогч сайд Огоровников нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Минск хотын цахилгаан тээврийн салбарын талаар ярилцаж, манай улстай хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Улаанбаатар хотод цахилгаан тээврийн салбарт Беларусь улсын туршлага, орчин үеийн техникийг нэвтрүүлэх талаар уулзалтын эхэнд талууд ярилцсан юм. Беларусь улсын Минск хот нь 2 сая гаруй хүн амтай. Нийтийн тээврийн салбарт манай улстай адил төстэй хүндрэлтэй асуудал байсан ч богино хугацаанд цахилгаан тээврийн үйлчилгээгээр шийдвэрлэж чадсан байна. Мөн ойрын хугацаанд Беларусь улсын Минск хотноо Улаанбаатар хотын нийтийн тээврийн холбогдох ажлын баг бүрэлдхүүнийг цахилгаан тээврийн салбар хэрхэн ажиллаж байгаатай танилцах ажлыг зохион байгуулахаар боллоо. Бүгд найрамдах Беларусь улсын тээвэр, холбооны сайд Сивак Анатолий Александривч хэлэхдээ “Цахилгаан тээврийн салбарт хамтран ажиллах бидний уулзалт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Бид нар орчин үеийн хөдлөх бүрэлдхүүнийг ашиглаж, хотын тээврийн асуудлыг зохицуулж байна. Хөдлөх бүрэлдхүүнийг Швеьцарь улсаас авсан. Бид цаашид Беларусь Швеьцарийн хамтарсан хөдлөх бүрэлдхүүнийг үйлдвэрлэх юм. Монгол улсад ч гэсэн энэ салбарыг хамтран хөгжүүлэх хэрэгтэй юм гэлээ. Хотын даргын зүгээс хамтарсан үйлдвэрийг байгуулах нь олон талын давуутай урт хугацааны гэрээг байгуулах боломжтой гэдгийг хэллээ. Түүнчлэн Хотын шинэ төлөвлөгөөгөөр нийслэл хотын дундуур явж байгаа төмөр замаа цахилгаан тэрэгний төмөр зам болгохоор ачаа тээврийг богд уулын урд хөндийгөөр явуулах зэрэг ажлууд бий. Уулзалтаар санал болгож байгаа цахилгаан тээвэр Улаанбаатар хотын зүгээс тавьж байгаа шаардлагад нийцвэл хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн. Өнөөдрийн яриа хэлэлцээр тодорхой үр дүнг дагуулна гэдэгт итгэлтэй байгаагаа хотын дарга уулзалтын төгсгөлд хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.