Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд ажлаа эхэлжээ

2013-08-20 00:00:00
НИТХ-ын дарга, Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын явцтай танилцлаа. Эхлээд БЗД-ийн 8,16 дугаар хороо, Батлан хамгаалахын их сургууль орчмын 93,8 га газарт төсөл хэрэгжүүлж байгаа “Баганат өргөө”, Гангар инвест компаниуд дээр очлоо.  “Баганат өргөө” компанийн хувьд 32 айлын газрыг чөлөөлжээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон трассын зургаа батлуулж, одоо БХБЯ-ны "Дэд бүтэц" төсөлтэй хийх гэрээнд гарын үсэг зурахаар хүлээж байгаа юм байна. Харин “Гангар инвест” компани нийт 39 га газарт  дахин төлөвлөлтийн ажил хэрэгжүүлэх бөгөөд энэ хэсэгт400 гаруй айл, ерөнхий боловсролын 1 сургууль, 30 аж ахуйн нэгж хамрагддаг байна. Төсөл хэрэгжсэнээр энэ хэсэгт явган хүний зам талбай, ногоон байгууламж, ерөнхий боловсролын сургууль, кинотеатр, усан бассейн гээд нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх юм. Одоогоор 12 айлын газрыг эзэнтэй нь тохирон чөлөөлж, орон сууц барих шаваа тавьжээ. Эхний ээлжинд БЗД-ийн 8-р хороонд 3 блок бүхий 12 давхар орон сууцыг ирэх жилийн 10 сард ашиглалтад  оруулахаар төлөвлөсөн байна. Гэхдээ барилгын ажлын явцад саад бэрхшээл гарахгүй бол төлөвлөж байгаа хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулахаар зорьж байна гэдгээ  “Гангар Инвест”-ийнхэн хэллээ. Энэ хэсгийн дахин төлөвлөлтөд орж байгаа айлууд маш идэвхтэй, санаачлагатай, бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа гэдгийг тэд  онцолж байсан юм.  
Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 –р хороо, 7 дугаар хороолол орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрхийг “Бэрэн” компани авсан юм. Тус компани 150 айл өрхтэй арилжааны гэрээ хийж, бүтээн байгуулалт хийх газраа бүрэн чөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар 4 блок дээр бүтээн байгуулалтын ажил хийж байгаа бөгөөд зам тавих талбайн  5 айлыг нүүлгэхээр тохиролцсон байна. Эдгээр айлуудыг нүүлгэчихвэл  700м авто зам тавих ажлыг эхлүүлэхэд бэлэн байгааг  НИТХ-ын даргад танилцууллаа.  Орон сууцны 7 дугаар хороололд 800 хүүхдийн сургууль,  250 хүүхдийн цэцэрлэг,  360 айлын орон сууцны барилга,  авто зам, амралт тоглоомын талбай,  ногоон байгууламж зэргийг  барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
 Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 72 дугаар сургуулийн  15,0 га газарт  дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг “Асар өргөө”, “Буурал сутай”,  компаниуд авсан юм.  “Буурал Сутай” компанийн хувьд одоогоор 7 айлын газрыг чөлөөлсөн барилгын сууриа тавиад эхэлчихсэн байна. Цахилгааны тооцоо зөрсөн учир дэд бүтцийн төлөвлөлтийг  НЕТГ-аар дахин хянуулж байгаа юм байна. Эхний орон сууцыг  ирэх жилийн 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлээс шалтгаалах бүх ажлыг бид хугацаа алдалгүй шийдвэрлэж байгаа. Хамгийн гол нь та бүхэн шинээр барих орон сууцны чанарт онцгой анхаарах хэрэгтэй. Иргэдийг ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангах эрх, бас үүргийг та бүхэнд өгсөн учраас  төлөвлөсөн хугацаандаа бүтээн байгуулалтын ажлаа дуусгах хэрэгтэй гэдгийг төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд хэлж байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.