Ахмадуудыг орон сууцтай болгох Нийслэлийн өмчит үйлдвэрийн газартай боллоо

2013-08-16 00:00:00
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэх, “Өргөө” зочид буудал  нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээх, “Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, Шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх, “Пума” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр барьсан Яармагийн гүүр орчмын орон сууцны хорооллын бохир усны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэн авах, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмрийн болон тоосгоны үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай тус тус хэлэлцлээ.

“Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийг татан буулгалаа
“Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэх тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа. “Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага”, “Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал усны техникийн шаардлага” стандартын хэрэгжилтийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГазрыг Ус сувгийн удирдах газрын нэгж болгох шаардлагатай байгааг танилцуулсан юм. Үүний дагуу Тэргүүлэгчид хэлэлцэн, 100 хувийн саналаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж”  НӨҮГазрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэлээ.

“Өргөө зочид буудлын үйл ажиллагааг сэргээнэ
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны есдүгээр сарын 25-ны 749 дүгээр магадлалаар “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, “Дун өргөө” хамтарсан компани байгуулах тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 775 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тул “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргалаа. Мөн “Өргөө зочид буудал” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн, Улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагааг нь сэргээх болон хөрөнгө хүлээлцүүлэх ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгах тухай тогтоолыг гаргалаа.

“Ахмадын хотхон-1” үйлдвэрийн газар байгуулна
“Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороололд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 300 айлын Ахмадын орон сууцны цогцолбор барилга баригдсан. Энэхүү цогцолбор барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэгтэй “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Тэргүүлэгчид хэлэлцэн байгуулахаар боллоо. Мөн 10 зүйл хэсгээс бүрдэх тус газрын дүрмийг танилцуулан тэргүүлэгчид баталсан юм. Энэхүү “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулснаар үйлдвэрийн газрын түрээслэгч болон бусад байгууллага, хоорондын харилцаа, эд хөрөнгийн бүртгэл санхүүжилттэй холбоотой асуудлыг зохицуулан ажиллах бөгөөд түрээсийн орлогоор санхүүжин ажиллах юм.

11 барилга байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэлээ
Нийслэлийн өмчид шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг бүртгэх тухай Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа. “Оршин суугчдын оролцоотой Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл”-ийг Япон улсын санхүүжилтээр НҮБ-ийн ХАБИТАТ-аас 2009 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төсөл нь нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох замаар гэр хорооллын иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулахад чиглэгдсэн байна. Төслийн хүрээнд сонгогдсон 5 байршилд нэн шаардлагатай байгаа барилга байгууламжийг оршин суугчид, дүүрэг хорооны захиргаатай хамтран тодорхойлж 15 барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Эхний ээлжийн 4 барилгыг өнгөрсөн жил нийслэлийн өмчит бүртгүүлсэн бол энэ удаад 11 барилгыг нийслэлийн өмчид бүртгүүлэхээр танилцуулсан юм. Үүнд: БЗД-ийн 9-р хорооны өрхийн эмнэлэг, олон нийтийн төвийн барилга, 17-р хорооны 79-р сургуулийн спорт заалны барилга, СБД-ийн 17-р хорооны Ахуйн үйлчилгээний барилга , Ахмадын төвийн барилга, Олон нийтийн төвийн барилга, СХД-ийн 11-р хороонд Түрээслэх талбай бүхий нийтийн ахуйн үйлчилгээний төв зэрэг багтаж байгаа юм. Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналтайгаар нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
 
2,3 км инженерийн шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэн авлаа
“Пума” ххк-ийн өөрийн хөрөнгөөр барьсан Яармагийн гүүр орчмын орон сууцны хорооллын бохир усны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэх тухай Нийслэлийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 256 тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 80 га талбайд 7000 айлын орон сууц, 7200 сурагчтай сургууль, 1800 хүүхдийн цэцэрлэг өрхийн эмнэлэг, 800 хүний ажлын байр бүхий оффис, 400 ажлын байр бүхий ахуйн үйлчилгээний барилга байгууламж баригдаж байна. Яармагийн гүүрний баруун хэсэгт баригдаж буй эдгээр барилга байгууламжийг дулаан цахилгаанаар хангах 3 тэрбум найман зуун хоёр сая төгрөгийн өртөг бүхий угсралтын ажлыг “Пума” ХХК өөрийн хөрөнгөөр барьж улсын комисст хүлээлгэн өгчээ. Гэрээний дагуу инженерийн байгууламж, шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэн авч, санхүүжилтийг “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын үнэт цаас арилжаалж, бүрдүүлсэн хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан хийхээр болсон юм. Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэн, нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй тоосго,төмрийн
үйлдвэрүүдийг хаана
Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч С.Амарсайхан танилцууллаа. Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй тоосго болон төмрийн үйдвэрүүд нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн иргэдийн амь нас, эрүүл мэнд болоод байгаль орчинд хохирол учруулж нөхөн сэргээх талаар ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, тиймээс Налайх дүүрэгт үйлдвэрлэл эрхэлж байгаа төмрийн болон тоосгоны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, хууль тогтоомж зөрчсөн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Хотын даргад даалгах тухай тогтоолыг Тэргүүлэгчид санал нэгтэйгээр баталлаа.