“Монгол наадам” цогцолбор төслийн нэгж байгуулна

2013-07-26 00:00:00
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 25-нд болж хуралдаанаар “Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай, нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, дэд бүтцийн хангамжийн хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

НИТХ-аас “Хүй долоон худаг”-т “Монгол наадам” цогцолбор барих шийдвэр гарч эхний бүтээн байгуулалтууд энэ жилийн наадмын өмнө хийгдсэн. Монгол наадам цогцолборыг 8000 үзэгчийн суудалтай байхаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байдаг.
Тиймээс “Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргааг байгуулж, эд хөрөнгийг бүртгэлжүүлж, хамгаалах шаардлагатай гэж үзэн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

“Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг танилцууллаа. “Монгол наадам” цогцолборын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдсэн гэдгийг тэрээр хэллээ.  Тодруулбал, 8,9 км автозам, 6800 автомашины зогсоол, 12,6 га талбайд худалдаа үйлчилгээний бүс байгуулж, цахилгаан хангамж гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Хүй долоон худгийн морь барианы газар болон үйлчилгээний төвүүд, авто машины зогсоолуудад 4 метрийн өндөртэй 64 гэрэлтүүлэг хийж, 26 нийтийн бие засах газар, 240 литрийн багтаамжтай 200 ширхэг хогийн сав байрлуулжээ.

Шинээр нэмж 100 гаруй автомашины зогсоол, агуулах, харуулын байр тус бүр 18-ыг барих юм байна. Агуулах сав байхгүйгээс “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийсэн үзэгчдийн зөөврийн 3000 ширхэг сандлыг Хот тохижилтын газрын автобаазын хашаанд , хогийн савийг агуулахад хадгалж хураасан, цахилгаан хангамжийн тоноглолыг цоожлон,  гэрэлтүүлгийн шон, мэдээллийн 4 ширхэг самбарыг цахилгааны хангамжаас салгаж цоожилсон байдалтай байгаа юм. Иймд бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийсэн ажлыг арчлах, хамгаалах, дараагийн ажлын бэлэн байдлыг хангах үүднээс “Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргааг 7 хүний орон тоотойгоор байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Танилцуулгыг сонсоод, нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал харицсан орлогч Н.Гантөмөр “Монгол наадам” цогцолборыг зөвхөн Үндэсний их баяр наадмаар биш бусад үед ч гэсэн байнгын ажиллагаатай байлгах хэрэгтэй. “Монгол наадам” цогцолборт эко хавтан тавихаас гадна ногоон байгууламж байгуулах шаардлагатай байгаа. Тиймээс арчлалт хамгаалалтын асуудал маш чухал” гэлээ.
Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас энэ асуудлыг хэлэлцээд, “Хүй долоон худаг”-т хийгдсэн бүтээн байгуулалтын зарим хөрөнгийг Засгийн газраас гаргасан. Тиймээс нийслэлийн төсөв болон, Засгийн газраас оруулсан хөрөнгө оруулалтыг бүртгэлжүүлэн, өмчийн харилцааг тодорхой болгох хэрэгтэй. Цаашид “Монгол наадам” цогцолборын ашиглалтын өмнөх захиргааг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар биш, төслийн нэгж хэлбэрээр байгуулах нь зөв гэж үзлээ.

Ингэснээр “Монгол наадам” цогцолборын ажил үйлчилгээ нэмэгдэж, байгууллага болон салбарын баяр, өдөрлөг тэмцээн,уралдаан зохион байгуулж, түрээсээр олсон орлогоо төрийн санд төвлөрүүлэх боломжтой болох юм. Мөн жил бүр зөөвөрлөн байгуулах сандал, бие засах газар, хогийн сав гэх мэт эд хогшлын гэмтэл, эвдрэл багасгаж, үргүй зардал буурна гэж үзжээ. Энэ асуудлыг НИТХ-д өргөн барьж, НИТХ-аас эцсийн шийдвэр гарах юм.
 
Шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшихыг хориглоно
 
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн төсөл боловсруулсан байна.  Энэхүү захирамжийн төслийг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа хотын хүрээлэн байгаа орчны бохирдол, гэр хорооллын тэлэлт, эмх замбараагүй газар олголт зэргээс шалтгаалан хот байгуулалтын бүтцэд том алдаа гарч хот буруу гольдролоор хөгжин, хотыг буруу төлөвлөснөөс эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж алдагдаж байна гэж иргэд шүүмжилдэг. Өнгөрсөн хугацаанд инженерийн нэгдсэн хангамжтай хэсэгт эмх замбараагүй барилга баригдаж, инженерийн дэд бүтэц, авто замын төлөвлөлт буруу хийгдсэнээс өмнөх төлөвлөгөөнүүд хэрэгжиж чадалгүй нийгэм, эдийн засагт хохирол учруулсаар ирсэн байна. Хот төлөвлөлтийн алдаа тэр даруйдаа биш, хэдэн арван жилийн дараа гардагаас болж авто замыг өргөсгөж сайжруулах, цахилгаан станц, бохир, цэвэр усны байгууламж зэрэг инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжуудын хүчин чадал төлөвлөлтөөр зохицуулах боломжгүй хэмжээнд хүрчээ. Хот төлөвлөлтийг газар зохион байгуулалттай салшгүй холбоотой хийх ёстой ч энэ уялдаа холбоо байгаагүйгээс нийслэлийн барилгажилт утга замбараагаа алдсан гэж тэрээр тодотгон хэллээ. Тиймээс,тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, алдаа гажуудлыг засаж залруулах, цаашид хот төлөвлөлтийг зөв гольдирлоор хөгжүүлэхийн тулд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж, захирамжийн төслийг боловсруулжээ.

Захирамжаар 2013 оны 05 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийслэлд шилжин суурьшсан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгох асуудлыг нийслэлийн  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд түр зогсоох, инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохгүй байх, шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшихаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тухай бүр хариуцлага тооцож, газар чөлөөлөх ажил тогтмол зохион байгуулж байх зэрэг асуудлыг тусгаж холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Мөн шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшихаас урьдчилан сэргийлэх,хяналт тавих, зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тухай бүр хариуцлага тооцож газар чөлөөлөх ажил тогтмол зохион байгуулж байх, суурьшлын бүсийн төлөвлөлт хийгдээгүй газарт инженерийн шугам сүлжээ барилга байгууламж барихгүй байх, зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг ус, цахилгаан, дулааны эх үүсвэрээр хангах боломжгүй талаар нийтэд мэдээлж, хяналт тавина гэж тусгажээ. Түүнчлэн нийслэлийн иргэдийг ипотекийн зээлд хамрагдах боломжийг хангах замаар орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийслэлд бүртгэлтэй иргэдийг байнгын болон түр ажлын байраар тэргүүн ээлжинд хангаж ажиллах тухай ч заасан байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, газар бол эдийн засгийн үндсэн хэрэгсэл учраас нийслэлийн иргэдээ хувийн өмчийн газартай болгох зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ иргэд хаана газар олгох бол, хууль бус газар олгочих вий гэж санаа зовдоггүй болж эрх бүхий байгуулага төлөвлөлтийн дагуу байгаль орчинд ээлтэй,  эдийн засгийн үр ашигтай инженерийн зөв шийдэл бүхий инженерийн болон нийгмийн дэд бүтцээ барьсан болон барих боломжтой газар эзэмшүүлдэг, өмчлүүлдэг байх ёстой гэж үзэн энэхүү захирамжийн төслийг дэмжлээ. “Нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар хот байгуулалт, газар олголттой холбоотой үйл ажиллагаа нь зөвхөн төлөвлөлтийн дагуу хийгддэг байх зарчим тогтоно гэж үзэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.