Далан сувгуудыг цэвэрлэж байна

2013-07-23 00:00:00
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсээс  хотын үерийн хамгаалалтын 23 428 м урт, 19 объект бүхий далан сувгийг  цэвэрлэхээр календарчилсан төлөвлөгөө гарган батлуулсан юм. Төлөвлөгөөний дагуу 17-р сургуулиас "Ногоон нуур" хүртэлх далан суваг, Дэнжийн 1000-ын 1, 2-р суваг, Баруун уулын суваг, нефть баазын гаргалгаа, 1-р хорооллын арын суваг, Хос гүүрний урд талын далангуудыг цэвэрлээд байна. Борооны ус зайлуулах далд шугам сүлжээний цэвэрлэгээгээр 1601  шүүрт худаг, 964  үзлэгийн худгийг цэвэрлэхээр төлөвлөжээ. Хотын ерөнхий менежерийн баталсан төлөвлөгөөний дагуу Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн цэвэрлэгээ дууссан бөгөөд шугамын цэвэрлэгээний ажилд энэ оны хагас жилийн байдлаар 30.7 сая төгрөг зарцуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.