“Дээлтэй Монгол” түүх соёлоо уламжлан үлдээх, түгээн дэлгэрүүлэх чухал наадам боллоо

2013-07-22 00:00:00
“Дээлтэй Монгол-2013” наадам Чингис хааны талбайд энэ сарын 20-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.  Наадмын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, “Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувд нар оролцлоо.
      
Нийслэлийн Засаг дарга “Дээлтэй Монгол-2013” наадмыг нээж, “Олон мянган жилийн түүхэн хөгжлийн явцад бий болж, тухайн үндэстнийхээ язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны хөгжлийг илэрхийлэгч нь болдог зүйл бол үндэсний хувцас билээ. Монгол туургатны дээл хувцас нь манай орны цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маяг, ёс заншилтай холбоотойгоор бүрэлдэж, өнөөдрийг хүртэл хөгжин шинэчлэгдсээр байна. Үндэсний хувцсаар дамжуулан залуу хойч үедээ түүх соёлоо уламжлан үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ улс, хотдоо зочид, жуулчдыг татах нэгэн чухал наадам болжээ. Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төдийгүй соёлын аялал жуулчлалын нэг төв болгон хөгжүүлэхэд “Дээлтэй Монгол” наадам тодорхой түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өдгөө бага наадам хэмээн нэрлэгдэх болсон энэхүү арга хэмжээ тив дэлхийд алдаршсан, олон арван мянган жуулчдыг даллан дуудсан соёлын наадам болохыг ерөөгөөд, “Дээлтэй Монгол–2013” наадмыг зорин ирсэн хүн бүхэнд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
         
Үндэсний хувцасны парадаар эхэлсэн “Дээлтэй Монгол-2013” наадамд  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон “Чингис хаан” дуурийн Чингис хааны ари болон “Хан бүргэдэй” дуурийн полонез бүжгээрээ, “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгынхан “Гайхамшигт Монгол урлаг” тоглолтоороо, Монголын үндэсний “АСА” циркийнхэн алиалагч, цагариг, жонглёрын үзүүлбэрээр оролцсон бол “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах “Би Монгол хүн” дуугаа дуулж, үзэгч олноо баясгасан юм.
“Дээлтэй Монгол-2013” наадмын шилдгүүдээр:
-Үндэсний дээлтэй бяцхан 100 оролцогчоос ихэр хөвгүүд болох А.Содгэрэл, А.Содбаяр, охидуудаас дөрвөн настай Т.Цэнгүүн нар
-Нийтийн бүжгийн 30 гаруй хосоос С.Лхагвадорж, Д.Сувдаа нар
-Хамгийн сайхан дээлтэй 36 хосоос үзэмчин хувсаар оролцсон О.Ганболд, Л.Туяа нар түрүүлсэн бол үзэгчлийн талархлыг хүлээсэн хосоор Д.Батдаваа, Б.Өрнөхбилэг нар шалгарлаа. Мөн хамгийн өндөр настай хос  Е.Ибрайм, Т.Сайлау нарыг “Special rent car and tour”компаниас Байгаль далайд аялах эрхээр шагналаа.
-Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллагаар “Цаст цагаан Алтай” төрийн бус байгууллага
-Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хосоор АНУ-ын иргэн Dan Ellis, Ж.Эрдэнэсүрэн нар
-Сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон дүүргээр Хан-Уул дүүрэг,  Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүргүүд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Энэ удаагийн наадмын онцлог нь хамгийн олон үндэсний хувцастай парад номинациар дэлхийн дээд амжилтыг тогтоодог “Геннис”-ын номонд бүртгүүлэх  бэлтгэл ажлыг хангасан явдал юм. “Дээлтэй Монгол-2013” наадамд нийт 15 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргээс хамгийн олон буюу 3000 гаруй оролцогч оролцсон  байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.