Өвөлжилтийн бэлтгэл ажил 10 сард бүрэн дуусна

2013-07-17 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 242,600 гаруй хэрэглэгчтэй эрчим хүчний ууган компаниудын нэг юм. Хотын цахилгаан эрчим хүчний ачаалал жил бүр  нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахын тулд засвар шинэчлэлтийн томоохон ажлуудыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаа тухай хотын даргад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн удирдлага танилцуулсан юм. 

Өдөрт  300 гаруй иргэн хотын иргэншил авч, сард 8000-10 000 айл  шинэ суурьшлийн бүсэд бууж байгаа учраас Улаанбаатар хотын алслагдсан хорооллуудыг цахилгаанаар бүрэн хангаж чаддаггүй байна. Тиймээс зарим үед цахилгааны хүчдэл муу байх тохиолдол байгаа гэнэ. Өнгөрсөн өвөл гэхэд л гэр хорооллын зарим хороодод цахилгааны эрчим хүчний ачаалал 41,3 хувьд хүрч байсан байна.  Өнгөрсөн оны хувьд хамгийн их ачаалалтай гэр хороолол нь "Баянхошуу" байсан бол шинээр орон сууц, оффисс, томоохон хэмжээний үйлчилгээний барилга ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан хотын төвийн урд болон зүүн хагасын ачаалал 23,3 хувиар тус тус нэмэгджээ. Ер нь өвлийн ачааллын оргил цагаар 80-аас дээш хувь ачаалагдсан трансформатор  238 байсны 67 нь 100-аас дээш хувь буюу хэт ачаалагдаж байсан, ирэх өвөл үүнээс илүү ачаалалтай байх төлөв ажиглагдаж байна гэдгийг “Улаанбаатар цахилгаан түгээх” ХК-ийн удирдлага онцлон хэллээ.

Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд гэр хороололд шинээр шугам трансформатор нэмж суурилуулах, хотын төвд дэд станц барьж ашиглалтад оруулах, гэр хороололд 35 кВ-ын дэд станцууд нэмж барих, ашиглалтын хугацаа дууссан хуучирсан шугам сүлжээ, дэд станцуудыг шинэчлэх, Улаанбаатар хотын төлөвлөлтөд цахилгаан шугам сүлжээний төлөвлөлтийг дэлгэрэнгүй тусгаж оруулах зэрэг олон ажлыг эхлүүлэх  шаардлагатай болжээ. Хотын дарга эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлээ. Мөн дэд станц барих газрыг судлан, боломжтой газрыг тогтоохыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ"-ний удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд засвар шинэчлэлтийн ажлуудыг эрчимтэй хийж байгаа бөгөөд 10 сарын дунд гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
 
Дулааны шугамын хамгаалалтын зурваст газрын зөвшөөрөл олгохгүй байхыг хүслээ
 
Нийслэлчүүдийг дулаанаар хангагч байгуулллага бол “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК юм. Компанийн үйл ажиллагаатай хотын дарга танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай санал солилцсон юм. 

Улаанбаатар хот өргөжихийн хирээр ачаалал улам нэмэгдэж, дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн нийт ачаалал 1585 Гкал/ц-д хүрээд байгаа юм байна. Цаашид холбогдохоор хүлээгдэж байгаа хэрэглээг тооцож үзэхэд  ирэх жилээс эх үүсгүүрийн хүчин чадлын дутагдалд орно гэж  тус компанийн гүйцэтгэх захирал Р.Хайдав хэллээ.  Сүүлийн жилүүдэд хотын хэрэглэгчдэд түгээсэн дулааны эрчим хүчний хэмжээ жилд тутамд 2.5-3.0 хувиар өсжээ. Мөн дулааны шугамын хувьд ч байдал хэцүүхэн байгааг хотын даргад  дуулгалаа. Тодруулбал 35-аас дээш жил болсон, эдэлгээний хугацаа нь дууссан шугам нийт шугамын 15.2 хувийг эзлэж байгаа бол 25-35 жил ажилласан 76.4 км  шугам байгаа юм байна. Энэ нь  нийт шугамын 20,4% ийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд дулааны төв шугамын тоноглолд ашиглалтын явцад 64 гэмтэл гарсан бөгөөд  эдгээр гэмтлүүдийн ихэнхи нь хугацаа  дууссан, насжилт ихтэй шугамуудтай холбоотой байжээ.

Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны хэрэглээ эрс өсч байгаагаас хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдох магадлалтай болсон байна. Тиймээс  Баянзүрх дүүрэг, Зайсан орчим болон 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байгаа юм байна. Тиймээс цаашид дулааны шугамуудыг өргөтгөх шинэчлэх ажлуудыг хэд хэдэн газарт хийх шаардлагатай гэлээ.

Мөн өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар дулааны шугамын хамгаалалтын зурвас тогтоож, өнөөдрийн байдлаар 374  км дулааны шугамд хамгаалалтын зурвас тогтоогоод байгаа юм байна. Хамгаалалтын зурвас гэдэг нь засвар үйлчилгээ хийх боломжийг хангасан зай аж. Тиймээс хамгаалалтын зурваст байшин барилга барихыг “Эрчим хүчний тухай” хууль болон бусад дүрэм, журмаар  хориглосон байдаг юм байна. Гэвч хамгаалалтын зурваст 300 гаруй барилга, объект байгаа бөгөөд эдгээрийн 33 нь дулааны төв шугам дээр баригдсан барилга юм байна. Дулааны шугамын хамгаалалтын бүсэд барилга барих нь шугам тоноглолыг өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд ихээхэн хүндрэл учруулдаг гэж дулааны инженерүүд тайлбарлаж байлаа.

Яаралтай засвар үйлчилгээ хийх үед хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүйд хүрч, дулаан тасалдах магадлал нэмэгдэх аюултай гэлээ. Иймд дулааны шугамын хамгаалалтын зурвас, шугам дээр газрын зөвшөөрөл олгохгүй байх, олгогдсон зөвшөөрлүүдийг цуцлахыг хотын даргаас тэд хүслээ. Дулааны шугам сүлжээ ХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж, дулааны шугамын хамгаалалтын бүсэд барьсан  12 барилгыг  буулгаж шилжүүлжээ.  Хотын дарга нийслэлчүүдийг өнтэй, дулаан өвөлжүүлэх үүргийг хүлээн ажиллаж байгаа дээрх байгууллагын тулгамдсан асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.