Налайхын замыг ирэх даваа гарагт нээнэ

2019-10-28 16:07:11

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил дуусч 11 сарын 4-ний өдөр нээхээр боллоо. Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байгаа билээ.

Одоогийн байдлаар Налайхын замын аюулгүй байдлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, гэрэлтүүлгийн ажлыг хийж байна. 

Төслийн хүрээнд 20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дууссан байна. 

Авто замын ажлын хүрээнд 85,730 м3 хөрс хуулалт, 205,800 м3 ухмал, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальто хучилт хийгдэж, 19 км тусгаарлах хашлага суурилуулаад байна. Үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгджээ. 

Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа аж.