“Азийн цагаан дагина” хогийн уут тараагдахад бэлэн болсон

2013-06-13 00:00:00
“Хог хаягдлын шинэ менежент”-ийг  энэ оны зургадугаар сарын 01-ний өдрөөс  хэрэгжүүлж эхлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ.  Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх,  албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын  уутны хэрэглээг нэвтрүүлэх юм. Улмаар зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм байна.  Мөн орон сууцны болон  гэр хорооллын гудамжинд хог хаягдлыг хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэхээр болсон аж. Энэ талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын  удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баярмаагаас тодрууллаа. 
-Гэр хорооллын айлуудыг хогийн уутаар хангах ажлын явц ямар шатандаа явна вэ?
-Улаанбаатар хотын “Хог хаягдлын шинэ менежмент”-ийг нэвтрүүлэх  захирамж гарсан байгаа. Энэ захирамжтай холбоотойгоор хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар захирамжид тусгасан байна. Нэгдүгээрт, нийтийн эзэмшлийн зам талбай гудамжны цэвэрлэгээг  хоёр ээлжээр зохион байгуулах тухай гарсан байгаа. Өмнө нь нэг ээлжтэй байсан  бол одоо хоёр ээлжээр зам цэвэрлэхээр болж байна. Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд хэрэгжүүлээд эхэлж байна. Ингэснээр төвийн гудамжны зам талбай байнга цэвэрлэгдэж  байх юм. Дараагийн асуудал нь гэр хорооллын болон орон сууцны айл өрхүүдийг хогийн уутаар хангаж, уут хэрэглэж хэвшүүлэх асуудал юм. Улаанбаатар хотод 417 мянган өрх байдаг.  Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн чиглэлийн айл өрхүүдэд зургадугаар сарын 15-наас хойш тараана. Хотын төвд ирэх долоо, наймдугаар сарад тарааж эхэлнэ. Нэг айлд өнжөөд нэг буюу сард 15 хогийн  уут тараах юм. 
-Хог хаягдал хийх учраас уутны чанарт нэлээд сайн анхаарах шаардлагатай байх?
-Гэр хорооллын айлуудын тухайд үнснээс бусад хогийг энэ уутанд хийнэ. Гэхдээ уутыг аль болох даацын хэмжээг сайн байлгахаар бодолцож хийсэн. Тараагдах уут нь   “Азийн цагаан дагина” гэсэн бичигтэй 60x80 сантиметрийн хэмжээтэй тунгалаг ногоон уут байх юм. Уутыг зөв зохистой хэрэглэх, зориулалтын уутанд хогоо хийчихээд хаа хамаагүй газар аваачиж хаях зэрэг үйлдлийг хянаж байх болно. Хэрвээ дээрх үйлдлийг гаргасан  тохиолдолд хариуцлага хүлээлгэх буюу Хог хаягдлын  тухай хуулийн дагуу иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, аж ахуйн нэгж байгууллагуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно. Үүнийг хянахын тулд уут тарааж эхэлсэн газруудад 40 эргүүл ажиллуулахаар болсон. 
-Нэг уутыг хэдэн төгрөгөөр гаргаж байгаа вэ?
-Хогийн   уутын хийх гүйцэтгэгчээр “Монгол хэвлэл” компани шалгарсан. Нэг уутыг 80-90 төгрөгөөр хийж, эхний ээлжинд нэг сая ширхэг  уутыг авахад бэлэн болсон.
-Уутны мөнгийг НЗДТГ-аас санхүүжүүлэх үү? 
-Айлуудын цахилгааны төлбөр дээр хамт өгч байгаа 2500 төгрөгийг уут тараах бэлтгэн нийлүүлэхэд зарцуулна. Харин энэ сараас эхлэн хог тээвэрлэлтийн санхүүжилтыг нийслэлэээс татаас маягаар гаргаж байхаар болсон. Нийслэлийн төсвийн тодотгол хэлэлцэх үеэр хог тээвэрлэлтийн зардлыг өргөн бариад хэлэлцүүлэх гэж байна. Энэ оныг дуустал хог тээвэрлэлтэд тав орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
-Гялгар уут гэхээр байгальд хортой. Яагаад гялгар уут сонгосон юм бэ? 
-Үгүй. Ууттай хогийг  цэг дээр аваачаад л булчихна. Дэлхий нийтэд ийм аргаар хогийг устгаж байгаа шүү дээ.
-Хогийн  уут тараах ажлыг цаашид үргэлжлүүлэх үү. Эсвэл зуны улиралд хийгдэх ажил юм уу?
-Энэ удаа хийгдэж байгаа ажил туршилтаар явагдаж байгаа. Үүний дараа байдлыг ажиглаад бусад дүүргүүдэд тараах ажлыг хийх болно. 
-Хог ачиж тээвэрлэхэд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Хог ачих ажлыг дүүргүүдийн засаг даргын Тамгын газар зохион байгуулдаг. Бид тус дүүргүүдэд шаардлага тавьж хянаж байх болно. Тэдний хамгийн гол хий зүйл нь хогоо цаг тухайд нь хогийн цэг дээрээс авахад болно.

Г.Тогос