Метрогоор зорчих миний хүсэл

2013-06-12 00:00:00

Өглөө сэрээд гэрээсээ гарахад уур бухимдалтай хүмүүс, нэг нэгэнрүүгээ хараал урсган угтана. Энэ  бол замын түгжрэл гэх нийслэлд хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудлаас гаралтай. Нэг газраас нөгөө газар хүрэхдээ хамгийн багадаа бүтэн цагийн хугацаа зарцуулна.  Сүүлдээ бөглөрсөн ч бай, бөглөрөөгүй ч бай хүмүүсийн хэлдэг үг нь “ зам түгжирээд” гэх болсон. Энэ асуудлаас болоод ажил, хичээл, албан уулзалт, товлосон цагаасаа байнга хоцорно. Тэр ч байтугай энэ нь сүүлдээ зуршил болон хэвшсэн гэж хэлж болно. Үүнээсээ болоод манайхан гадаадад очоод цаг баридаггүйгээрээ алдартай болж, ажилд  гологдоно. Гэхдээ энэ бүхэн удахгүй дуусаж Улаанбаатар хот маань түгжрэлгүй, утаагүй, хоггүй, гэрэлтэй сайхан хот болно гэдэгт би итгэдэг. Залуус маань ч итгэдэг.

Нийслэл хотод маань хүнээсээ илүү машинтай гэхэд хэлсдэхгүй. Ажлаа амжуулах гэсэн иргэд аргагүйн эрхэнд машин унан хотын замаар бөглөрнө. Үүнийг буруутгах арга байхгүй. Гэхдээ өндөр хөгжилтэй оронд иргэд нь заавал машин унан давхидаггүй. Учир нь тэнд түүнээс хурдан мөртлөө хямдхан унаа байгаа юм чинь. Олон улсын түвшинд газар дээгүүр, газар доогуурх метрог хэрэглээд олон арван жилийг ардаа орхиж байгаа. Метро бүр өөрийн чиглэлээр, тогтсон цагийн хувираар явна. Тиймээс цагаа нарийн тооцоолон хоцрох магадлал хамгийн бага. 

Өдрөөс өдөрт өнгө гэрэл нэмж байгаа улсын маань нийслэл 2020 гэхэд метротой болох сайхан мэдээ саяханаас сонсогдлоо. Телевизээр харж, гадаадад л зорчиж байсан өнөө метро маань удахгүй та бидний хэрэглээ болох нь. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна хэмээн тооцоолж байгаа.

“Улаанбаатар метро” төслийн хүрээнд  Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барина. Тодруулбал, зүүн 4 замаас баруун 4 зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байх юм. Гэхдээ ганц метроны шугам бариад зогсохгүй, Улаанбаатар төмөр зам, автобус, тролейбусны маршруттай холбох, том хэмжээний авто зогсоолыг төлөвлөх зэргээр иргэдийг бүхий л төрлийн нийтийн тээврээр ая тухтай зорчих боломжийг бүрдүүлнэ.  Өчигдөрхөн энэ бүтээн байгуулалтын эхлэлийг хотын удирдлагууд  тавиж “Драгон” авто вокзалын баруун талд Улаанбаатар метроны нэг өртөөг байгуулах шавийг тавилаа. Харин нөгөө талын эцсийн зогсоолыг Амгаланд байгуулахаар болж,  энэ хооронд 20-30 минутанд зорчих боломжтой болж байгаа юм. Энэ үргэлжилсэн замын хооронд 14 өртөөтэй бөгөөд өртөө хоорондын зай 800-1500 метр байхаар тооцоолж байгаа гэнэ. Хэрвээ хот маань метротой болчихвол заавал түгжрэн байж машин унаад байх шаардлага байхгүй. Иргэд хурдан, тухтай  бас хямдхан үнэ тарифтай  метрогоор зорчиж эхлэнэ. Тэгвэл иргэдийн бухимдал арилж нэг нэгнээ хүндлэн харьцана гэдэгт би итгэлтэй байна.

 

Э.Хулан