Э.Бат-Үүл: Иргэд өөрсдөө л шийдвэрээ гаргана

2013-06-12 00:00:00

Өчигдөр хотын захирагч Э.Бат-Үүл шинээр баригдах метроны Амгалан дахь шав тавих ёслолд оролцлоо. Амгалангаас Толгойт хүртэлх метроны байгууламж   2020 оноос ашиглалтанд орох ажээ. Энэхүү шугамын газар доогуур өнгөрөх хэсэг нь кино үйлдвэрээс Саппоро хүртэл 6,6 км үргэлжилнэ гэнэ.  Метро нь ийнхүү бүтцийн хувьд хотын төвөөр газар доогуур явах юм байна. Нийтдээ 14 өртөөтэй. Өртөө хоорондын зай 800-1500 метр бөгөөд метрог дагаад эдийн засаг, ниймгийн олон асуудал шийдэгдэх аж. Ойролцоогоор 150 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Хотын төсвийн орлого 30 хувиар өснө гэлээ. Э.Бат-Үүл дараа нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдтэй уулзав.

Тус дүүргийн 23 дугаар хороо нь хөдөөнөөс шилжин ирж суурьшсан  иргэд олонтойгоороо онцлог юм. Мөн тэнд социализмын үед Монгол, Орос цэргийн ангиуд байрлаж байлаа. Тухайн үедээ  цэргийн ангийн  офицер ахлагч нарт зориулж барьсан “Арван байр” хэмээх хоёр давхар модон байшингууд нь одоо хүн амьдрах аргагүй болжээ. Эдгээрийн  зүүн талд мөн “Офицерийн гурван саарал” хэмээх чанар муутайгаараа  алдартай  хоёр давхар байранд  ч хүмүүс зутруухан аж төрж байна. Байраа сайжруулах талаар хэдэн жилийн өмнөөс оршин суугчид дээш нь хүсэлтээ илгээжээ.  Гэвч шийдэгдэхгүй явсаар хотын шинэ удирдлагатай золгож, энэ удаа  Э.Бат-Үүл  тэдний урилгаар хүрч  очсон байна.  Түрүүнд нь цэргийн баярын өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга нар иргэдтэй уулзах үеэрээ мөн тэдгээр байруудыг шинэчлэх шаардлагатай гэж байв.

Э.Бат-Үүл иргэдтэй уулзахдаа  гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажил хэрхэн эхэлж буй талаар нэлээд дэлгэрэнгүй ярилаа. Гэр хорооллын төлөвлөлт, орон сууцжуулалтыг “Шинэчлэн зохион байгуулах”, газрыг нь чөлөөлж дахин төлөвлөлтөнд оруулах замаар орон сууцжуулах, иргэд газраа мөнгөтэй компанид зарж орон сууцтай болох” гэсэн гурван хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Үүний тулд Гэр хорооллын хөгжлийн хороо болон төслийн удирдлагууд  тухайн хорооны иргэн бүрээр саналын хуудас бөглүүлэн авч, иргэдтэйгээ  хамтран эцсийн шийдэлд   хүрэх юм байна. Иймээс Э.Бат-Үүл “Хамгийн гол нь иргэд өөрсдөө л шийдвэрээ гаргана” гэж байлаа.  Ийнхүү Э.Бат-Үүл дээрх нурж унах нь холгүй болсон  “Арван байр”, “Офицерийн гурван саарал”-ыг ойр орчмын гэр хорооллын айлуудын хашааны газартай  нь хамт нэг багц болгож дахин төлөвлөлтөнд оруулах зөв гэлээ. Иргэд  үүнийг  таатай хүлээн авсан юм. Мөн айл бүрд олгох хог хаягдлын уутыг  харуулан  байж  хэлсэн  хоггүй  хот болох уриалгыг  нь ч дэмжиж байв.

Хотын захирагчийн энэ өдрийн уулзалтууд нэлээд шахуу байсан тул тэр 23 дугаар хорооны иргэдийн асуулт, санал шүүмжийг харин  харьцангуй цөөн хүнээс сонсоод дараагийн уулзалт руугаа яаран явав. Уулзалтанд  ирсэн иргэдийн хувьд хэлэх үг, захиас, санал гомдол нэлээд  байгаа  бололттой. Зарим нь түүнийг явахаас өмнө  амжиж  “Энэ хороонд хөдөө орон нутгаас шилжүүлэггүй ирж суурьшаад байгаа 400 гаруй айл бий. Мөн олон айл гэрэл цахилгаангүй байгаа. Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа энэ бүхнийг шийдэж өгсөнгүй. Баатар хайрхан уулын арын айлууд руу очдог замыг олигтой засахгүй байна. Та тэнд очоод газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад явахгүй юм уу” гэж  байв.  Эдгээрийн хариуд харин Э.Бат-Үүл “Японы хөрөнгө оруулалтаар ус татах, метро барих зэрэг олон ажил хийгдэж байна” гээд  “Хэрвээ надад шидэт дохиур байдагсан бол бүх бэрхшээлийг  ганцхан дохиод арилгахсан” хэмээн хошигносон юм.

Харин ойрын өдрүүдэд дүүргийн удирдлагууд хорооны иргэдтэйгээ уулзаж, тулгамдсан асуудлаа хэрхэн шийдэх, энэ жил төлөвлөөд байгаа орон нутгийн хөгжлийн сангийнхаа 4,7 тэрбум төгрөгийг  юунд зарцуулах зэргийг ярилцах ажээ.

                                                                                                             

Б.Отгонбаяр