Микрогоор бус метрогоор зорчих цаг ирэх нь

2013-06-10 00:00:00
Замын түгжрэл гэгч цаг хугацааны дайсан бидний ажил, амьдралын тушаа болж нэгэнт хэвшээд буй. Өнөө, маргаашийг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ, дугаарын хязгаарлалт зэргээр аргацааж байгаа ч эрдэмтдийн тооцоолсноор 2030 он гэхэд нийслэлийн хүн ам 1.7 сая болтлоо өсч, зам тээврийн эрэлт гурав дахин өсөх үед автомашины хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байхыг төсөөлөхөд ч бэрх. За яахав, төсөөлөөд үзье гэхэд нарийхан зам дээр автомашинууд багталцахгүй, зөрөлдөхгүй, хөдлөхгүй нийслэлийн авто зам тэр чигээрээ авто зогсоол болон хувирч ч магад. Энэ гамшигаас нийслэлчүүдийг хэрхэн аврах вэ? Энэ бол Лондончуудыг 150 жил, Токиогийн иргэдийг 100 жилийн өмнө замын түгжрэлээс аварсан метро юм.
Метрогоор зорчино гэдэг нь нийслэлийн иргэдийн хувьд мөрөөдөл байсан бол одоо энэ мөрөөдөл биелэх нь тодорхой болоод байгаа юм. Учир нь “Улаанбаатар метро” төслийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны тэргүүлэгчид дэмжиж, төслийн судалгааны эцсийн тайланг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд одоогоор өргөн бариад байгаа. “Улаанбаатар метро” төсөл ямартай ч ирэх жилээс хэрэгжиж эхлэн, 2020 он гэхэд бид газар доогуурх метрогоор зорчих боломжтой болох юм.

Метрог хаана, хэрхэн барих вэ?
 
Төлөвлөж байгаагаар “Улаанбаатар” метро Энхтайваны өргөн чөлөө буюу Толгойтоос Амгалангийн өртөө хүртэлх 14 өртөө бүхий 17.7 км урт замд үйлчлэх аж. Метроны замыг Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замын хоорондын 6.6 километр зайд газар доогуур, Зүүн дөрвөн замаас Амгалан хүртэлх 4.9 километр, Баруун дөрвөн замаас Толгойт хүртэлх 6.2 километр урт зайд гүүрэн буюу өргөгдсөн хэлбэрээр барих гэнэ. Гэхдээ ганц метроны шугам бариад зогсохгүй, Улаанбаатар төмөр зам, автобус, тролейбусны маршруттай холбох, том хэмжээний авто зогсоолыг төлөвлөх зэргээр иргэдийг бүхий л төрлийн  нийтийн тээврээр ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх тухай “Улаанбаатар метро" төслийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ хэлж байсан юм. Метроны барилга угсралтыг газрын гүнд барилгын ажлыг нээлттэй ухах, өрөмдөгч машинаар ухах гэсэн хоёр аргаар гүйцэтгэдэг байна. Газрын гүнд барилгын ажлыг нээлттэй ухах аргаар метрог барих нь өртөг өндрөөс гадна Энхтайваны өргөн чөлөөний замын хөдөлгөөнд саад учруулах тул энэ арга нь манай нийслэлийн хувьд тохиромжгүй гэж үзсэн. Харин газар доогуур өрөмдөгч машинаар ухах нь автозамын зорчих хэсэгт түвэг учруулахгүй, улирал харгалзахгүй барилгын ажлыг хийх бололцоотой тул төсөл санаачлагчид энэ аргыг илүүд үзжээ.
Таны цагийг хэрхэн хэмнэх вэ?
Нийслэлийн иргэд метрогоор үйлчлүүлснээр 45 минутын хугацаанд зорчдог газартаа 15 минутын дараа хүрэх боломжтой бүрдэх юм. Өөрөөр хэлбэл 18 километр замыг ойролцоогоор 30 минутад туулах юм байна. Тасалбарын үнийн хувьд урьдчилан тооцоолсноор 500-600 төгрөгөөр тогтох бололтой. Мөн төвийн дүүргүүдийн замын түгжрэл 16 хувиар багасч, зорчилтын хурд 25 хувиар нэмэгдэнэ гэж төслийн багийнхан үзэж байгаа. Тооцоо ёсоор бол “Улаанбаатар” метрогоор 2020 онд өдөр тутам 300 мянга, 2030 он гэхэд 500 мянган иргэн зорчих бөгөөд метро нь таван минутын зайтай тогтмол цагт өртөө бүрт зогсох аж.
Метро барих хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх вэ?
“Улаанбаатар” метроны бүтээн байгуулалтыг ирэх жилээс эхлүүлж, 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой юм. Метротой болохын тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ч улс дэд бүтцээ хариуцан, үйл ажиллагааг явуулахад дотоод, гадаадын хувийн хэвшлийн ноу-хауг ашиглан, хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар оновчтой хэрэгжүүлж чадвал энэ зардлыг богино хугацаанд нөхөх боломжтой ажээ.
Ямартай ч 500-700 гаруй монгол залуусыг сургаж, ажлын байраар хангах, хорт утааны хэмжээг 30 хүртэлх хувиар бууруулах, 18 орчим километр замыг 30-хан минутад туулах боломжтой “Улаанбаатар метро” төслийн бүтээн байгуулалт ирэх жилээс эхлэх нь.

Бид удахгүй автобус, микронд хамаг цагаа өнгөрөөж түгжирч бухимдалгүй, метрогоор сүнгэнэтэл давхих нь ээ.

Д.ЖАРГАЛ