Метроны замыг хонгилоор шийднэ

2013-06-10 00:00:00
-Метро төслийн барилгын ажлын талаар танилцуулахгүй юу. Одоо уг төсөл ямар шатандаа явж байна вэ?
-Барилгын ажил Энхтайваны өргөн чөлөө дагуу зүүнээс баруун тийш 17,7 километр замыг газар доорх буюу гүүрэн бүтцээр холбосон Улаанбаатар метрог тавих зорилготой юм. Газар доорх хэсэг нь баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл явна.
Харин бусад нь гүүрэн бүтэцтэй, авто замаас бүрэн тусгаар систем байх юм. Бүх шугам нь хоёр чиглэлийн хос зам бүхий цахилгаан тэрэг байх бөгөөд ирээдүйн эрэлтийн өсөлтийг хангахуйц бүрэн хэмжээний төмөр замын систем байх юм.
Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд НИТХ-ийн хурлаар энэ төслийг дэмжсэн. Одоо Засгийн газар, УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх л үлдэж байгаа. Ер нь бол Засгийн газар, УИХ дэмжиж байгаа. Анхны нарийвчилсан зураг 2014 оны хавар бүрэн гарч дуусна. Үүний дараагаар олон улсын тендер хоёр жилийн хугацаатай зарлах юм. Ямар хэлбэрээр ажиллах вэ гэдгийг жилийн дараа л шийднэ гэсэн үг. 2016 онд барилгын ажил эхлээд 2020 онд ашиглалтанд орох юм.
-Метроны замыг хонгилоор шийднэ гэж байсан?
-Энэ саналыг манай талаас санал болгосон юм. Хонгилоор явуулах нь манай улс шиг хүйтний улиралтай орнуудад ач холбогдолтой. Одоо хийж байгаа зургаар бол Толгойтоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл гүүрэн замаар яваад, тэндээсээ 15 метрийн гүнд ороод зүүн дөрвөн замаар гарч ирэх юм. Тэгээд Амгалан хүртэл мөн л гүүрэн замаар явах юм. Хонгилын хэмжээ нь 6,6 километр байх юм. Япон-чууд энэ технологиор мэргэшсэн, сард 100 гаруй метр өрөмддөг өндөр технологитой. Ер нь метроны замыг хонгилоор шийдэх нь Япончуудын нэрийн хуудас болсон ажил шүү дээ. Дараагийн ажил буюу 2020 оноос Долоон буудлаас хөшигтийн хөндий буюу олон улсын нисэх буудал руу метроны замыг чиглүүлж тавина гэсэн төлөвлөгөө бий.
-Уг төслийг хэрэгжүүлэхэд нарийвчилсан судалгаагаар 1,5 тэрбум ам.доллар шаардагдана гэсэн. Санхүүгийн эх үүсвэрээ хаанаас бүрдүүлэх вэ?
-Ажлын хүрээнд санхүүжилтын нарийвчилсан судалгаа хийсэн. Тунель, гүүрэн хэсэг, өртөөний байгууламж зэрэг дэд бүтцийн барилга угсралтын зардалд 1,3 тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцоолж байгаа. Мөн цахилгаан тэрэг худалдан авах, үйл ажиллагаа эхлүүлэхэд 200 тэрбум ам.доллар шаардлагатай гэж үзээд нийт 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж тооцоолж байгаа юм. Японы Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр 25-40 жилийн хугацаатай 600 сая долларын зээл олгохоор болсон. Харин 700 сая долларыг Монгол Улсын засгийн газраас санхүүжүүлнэ гэсэн байр суурьтай байна. Мөн 200 сая долларыг хувийн хэвшлээс санхүүжүүлэх юм. Одоогоор эцсийн шийд нь гараагүй байгаа. Ирэх оны хавар хүртэл хийгдэх нарийвчилсан судалгаанд 30-аад сая доллар шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ ажлыг Жайка гардаж хийх бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард дуусна.
-Засгийн газраас 700 сая ам.долларыг хэрхэн бүрдүүлэх бол?
-2014 онд шийдэгдэх байх. Нарийн судалгаа хийсний үндсэн дээрээс ямар байдлаар шийдэх нь тодорхой болно. Зээлийн хувьд хугацаа урт, өр төлбөрийн хувьд дарамтгүй байх ёстой гэсэн байр суурийг баримтлах байх.
-Уг 700 сая ам.долларыг бүрдүүлэхэд Японы Засгийн газраас зээл санал болгосон гэсэн?
-Манайд санал болгосон байгаа. Гэхдээ яг энэ зээлийг авъя гэж яригдаагүй байгаа. Валютын ханш тогтворгүй байдаг. Тэгэхээр манай зүгээс судалж шийдэх байх.
-Үүнээс бага зардлаар метро төслийг хэрэгжүүлэх саналууд ирсэн гэсэн. Яагаад заавал Жайкаг сонгох болов?
-Жайкагийн төсөл орчин үеийн шаардлагад нийцэж байгаа. Япон стандарт нь хамгийн найдвартай гэж үзэж байгаа. Японы метронууд тухтай, дуу чимээ багатай орчин үеийн шаардлагад нийцсэн байдаг. Жайка манайд Нарны зам, Нарны гүүрийг буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулсан. Японоор бариулж байна гэдэг нь баталгаа, чанартай холбоотой юм.
Хувийн хэвшлийнхэн буюу бага мөнгөөр хийе гэсэн хүмүүс байдаг. Гэтэл энэ метро 15 метрийн доор хонгилоор явах учраас нурах, метро явж байх үедээ доголдох гэх мэт асуудал гарвал хэн хариуцах вэ. Бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой, Япон улс харин энэ асуудлыг шийдчихсэн учраас л сонгосон. Олон улсын тендерийн баталгаа өгнө шүү дээ. Тэгээд ч Ялончууд авлига авдаггүй. Тэр тусмаа Жайка нь улсын байгууллага учраас маш өндөр шалгууртай.
-“Улаанбаатар метро" төрийн өмчит компанийг хэзээ байгуулах вэ?
-Төслийг зөвшөөрөөд үйл ажиллагаа эхлэхээр улсын өмчит компани байгуулж таарна. Энэ төслийнхөн уг улсын үйлдвэрийн газрууд метроны бүхий л ажлыг зохицуулан, зохион байгуулах үүргээр байгуулагдана. Энэ нь үйлчилгээний бизнесийн байгууллага байна. Үйл ажиллагаагаа тогтвортой чанартай явуулах үүрэг хүлээх юм. 2016 оны барилгын ажил эхлэхэд байгуулагдана. Тэр хүртэл түр байгууллага байна.
-Метроны урсгал зардлыг хэрхэн шийдэх талаар. Бас авсан зээлээ зургаан жилийн хугацаанд төлж барагдуулна гэсэн байна?
-Урсгал зардлыг өөрсдөө шийднэ. Урсгал зардлын хувьд харьцангүй гайгүй гэж хэлж болно. Учир нь Япон нь олон жил чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Засварын асуудал дээр санаа зоволтгүй. Өөрөөр хэлбэл тасалбарын үнээр шийднэ гэсэн үг. Одоогоор тасал-барын үнийг 600 орчим төгрөг байна гэж тооцож байгаа. Тэгэхэд Улсын төсөвт жилдээ 263 орчим сая ам.доллар хуримтлагдана гэсэн тооцоо гаргасан. Тэгэх-лээр үйл ажиллагаа ашигтай харагдаж байгаа юм. Тухайн ашиглалтанд орох үед ханш нь ямар байх нь тодорхойгүй учраас 600 төгрөг нь 1000 болж мэдэх хандлага байгаа. Долоон жилийн дараах асуудал яригдаж байгаа гэсэн үг. Одоо бол урьдчилсан судалгаагаар л яригдаж байгаа юм.
-Метротой байхын ач холбогдлын талаар?
-Метротой болсноор цаг хугацааны алдагдал арилж, эдийн засаг идэвхижнэ. Замын хөдөлгөөн ч сийрэгжинэ. Түүнчлэн метротой хамтатган хийх хот байгуулалтын ажлууд байгаа. Өртөө орчимд тээврийн олон төрлийг холбох байгууламж, хотын захтай холбох автобусны терминалийг байгуулна. Мөн хотын тэлэлтийг хязгаарлаж, метроны шугам дагуух хуучирсан орон сууцуудыг шинэчлэн барилгажуулснаар гэр хорооллоос гарах иргэдийн шилжилтийг дэмжиж байгаа юм. Энэ нь нөгөө талаараа орон сууцжуулах бодлогыг дэмжиж байна гэсэн үг шүү дээ. Үүгээр зогсохгүй метроны шугам дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээл идэвхжинэ. Мөн 2030 он гэхэд 15 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн судалгаа байгаа.
 
Г.Баярцэцэг