Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2013-05-30 00:00:00

Дулаан цаг ирэхэд Улаанбаатар хотод хөрсний бохирдлын асуудал тулгардаг. Тиймээс Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, ариутгал халдваргүйжүүлэлтэд хэрэглэж байгаа бодисын ач холбогдол, үр дүнгийн талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх, холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар болон бусад холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

Хэлэлцүүлгээр Хөрсний бохирдлын өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх, Хөрсийг эрүүлжүүлэх, ариутгах технологийн үр дүн, түүнээс гарах үр дагавруудын талаар хэлэлцсэн байна. Мөн түүнчлэн хүнд металлаар бохирдсон хөрсийг эрүүлжүүлэх технологийг нутагшуулах, гэр хорооллын айл өрхийн муу ус, бие засах газрын халдваргүйжүүүлэлтийг оновчтой хийх арга технологи сэдвээр хэлэлцэж, санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гаргахаар боллоо гэж Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.