Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөг эхэллээ

2013-05-30 00:00:00
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төслийн баг хамтран Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөгийг зохион байгуулж байна.  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 15 сарын хугацаанд хэрэгжүүлсэн /ЖАЙКА/ “Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа  энэхүү арга хэмжээний зорилго нь Улаанбаатар хотод учирч болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх, учирч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллага болон иргэдийн хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах ойлголтыг гүнзгийрүүлэх, газар хөдлөлтийн гамшгийн мэдээллийг бодитойгор  хүргэхэд оршиж байна.
Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн удирдлагууд оролцон  амжилт хүслээ. Өдөрлөгт нийслэлийн 4 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож  газар хөдлөлтийн гамшгийн үед аврах ажиллагааны талаар 4 төрөлт тэмцээнд оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьж,нээлтийн үеэр газар хөдлөлтийн гамшгийн үед хоргодох байранд удаан байрласан үеийн биеийн чилээг хэрхэн тайлах дасгал хөдөлгөөнийг хийж сонирхуулсан юм.
Иргэд олон нийтэд зориулсан мэргэжлийн байгууллагын олон арга хэмжээ болж байгаа бөгөөд олны сонирхолыг хамгийн ихээр татаж байсан нь газар хөдлөлт мэдрэгч сандал, газар хөдлөлт мэдрэгч машин байлаа. Өдөрлөгийн арга хэмжээ 2 өдөр үргэлжлэх бөгөөд маргааш газар хөдлөлтийн үеэр авах арга хэмжээний талаар төслийн багийн зарим мэргэжилтэн танхимийн сургалт зохион байгуулж, Эрх чөлөөний талбайд иргэд өөрсдийн биеэр газар хөдлөлтийг  мэдрэгч сандал, газар хөдлөлт мэдрэгч машин ашиглан мэдрэх юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.