Эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлнэ

2013-05-30 00:00:00
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс  хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангуулах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Баяр наадам зохион байгуулах комиссын салбар хорооны гишүүд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх урьдчилсан  төлөвлөгөөгөө  баяр наадам зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад танилцууллаа.
Энэ жилийн наадмын нээлт, хаалт болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээг илүү өвөрмөц, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаагаас гадна наадмын нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар болжээ. 
Мөн наадамчдын эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг шинээр хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Хүй долоон худагт 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулах, үзэгчдийн суудлыг илүү тохилог болгох үүднээс зөөвөрлөх, угсрах боломжтой 3000 гаруй  үзэгчийн суудал байрлуулах, наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд эко хавтан тавьж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх,  “361”-ийн төмөр замын гармаас "Хүй долоон худаг" хүртэл шинээр автозам тавих зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Хүй долоон худаг орчимд хийх зарим тохижилтын ажлын хөрөнгийг “Гудамж төсөл”-ийн хүрээнд “Чингис” бондоос гаргах боломжтой гэж Засгийн газраас үзсэн байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газар шинээр байгуулахаас гадна наадамчин олонд наадмын үйл ажиллагаа,   автомашины зосоол,  наадмын үйлчилгээний тухай мэдээлэх мэдээллийн самбаруудыг байрлуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн сур, шагайн харвааны талбайд тохижилтын ажлыг шинээр хийх шаардлагатай болжээ. Сурын харвааны үзэгчдийн суудал автомашины замтай ойр учраас үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автомашины замаас тусгаарлах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Үүний тулд үзэгчдийн суудлыг шинээр хийж, зурхайг өргөсгөн, машины зогсоолыг засаж тохижуулах юм байна. Хурдан морьдын уралдааныг зохион байгуулах салбар хорооноос энэ жил уралдах морьдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас зохион байгуулалтыг сайжруулахаас гадна, гарааны төхөөрөмжүүдийг шинэчлэх хэрэгтэй гэлээ. Энэ мэт эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэглэгдсэн наадмын үйл ажиллагаанд нийтдээ 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа ч үүний 3,4 тэрбум төгрөгийг наадмын бодит үйл ажиллагаанд, хүй долоон худагт хийх бүтээн байгуулалтад 40 орчим тэрбум төгрөгийг  зарцуулах юм байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагва наадмын зардлын төсвийг нэгтгэн гаргах, Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааны талбайд биечлэн очиж  танилцах үүргийг салбар комиссын дарга нарт өглөө.  Баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргаж байгаа эдгээр саналыг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлах юм. Дашрамд дуулгахад, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор манай оронд 12 мянга гаруй гадаадын жуулчин ирэх юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.