“НОГООН УЛААНБААТАР” төслийн үр дүнг танилцууллаа

2019-05-29 09:37:48

Нийслэл Улаанбаатар хот нь Япон улсын Хоккайдо мужийн захиргаатай хамтран “Ногоон Улаанбаатар” техникийн төслийг ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн үйл ажиллагаа ирэх есдүгээр сард дуусах бөгөөд үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэгчид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаныханд танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд “Ногоон Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлийн Хот тохижилтын газар болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын 300 гаруй ажилтныг чадавхжуулах сургалтад хамруулсан ба хавар, намрын улиралд модыг үр, мөчрөөр тарих арга, аргачлал, арчилгаа, усалгаа, манай орны нөхцөлд тарихад тохиромжтой модны онцлог, ургалт, өвчлөлийн талаар амжилттай суралцсан ажилтнуудыг Японд давтан мэргэшүүлснээ онцлов.

Уулзалтын дараа сургалтад хамрагдсан ажилтнууд болон төсөл хэрэгжүүлэгчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Япон улсаас авчирсан сакура моддыг тарьсан юм. Уг арга хэмжээнд Японы талаас Хоккайдо мужийн хурлын гишүүн, “Ногоон Улаанбаатар” техникийн төслийг хэрэгжүүлэх хорооны хүндэт ерөнхийлөгч Кита Рюүичи, Осака хот дахь Монголын Соёлын Элч, Төсөл хэрэгжүүлэх хорооны дарга Сато Норико, Хоккайдо мужийн Усны үйлдвэрлэл, ой, байгаль орчны газрын дарга Сүзүки Мичиказү, Ногоон байгууламж, барилга үйлдвэрлэлийн нийгэмлэг, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ойн аж ахуйн туршилтын газрын төлөөлөл, Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга болон холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.